Японд өндөр настнуудын тоо шинэ дээд үзүүлэлтэд хүрчээ

Японд 65 болон түүнээс дээш насны хүн амын тоо өнгөрсөн оныхоос 60 мянгаар нэмэгдэж, түүхэн дээд үзүүлэлт болох 36.27 саяд хүрсэн талаар тус улсын Дотоод хэргийн яамнаас мэдээлжээ.

Тэдгээр иргэний 15.74 сая нь эрэгтэйчүүд, 20.53 сая нь эмэгтэйчүүд байна. Ингэснээр өндөр настнууд улсын нийт хүн амын 29.1 хувийг эзэлж байгаа бөгөөд энэ нь өнгөрсөн оныхоос 0.3 хувиар өссөн үзүүлэлт юм.

НҮБ-ын мэдээллээр, Япон энэ үзүүлэлтээрээ 100 мянгаас дээш хүн амтай улс орон, нутаг дэвсгэрүүдийн дотроо нэгдүгээрт бичигдэж байна. Тодруулбал, жагсаалтын хоёрдугаарт бичигдэж буй Италитай харьцуулахад таван хувиар өндөр байна.

Дотоод хэргийн яамны мэдээлснээр, Японд ахмад ажилтнуудын тоо өнгөрсөн онд 9.09 саяд хүрсэн нь мөн урьд бүртгэгдэж байгаагүй өндөр үзүүлэлт болжээ. Түүнээс 65-аас дээш насны, ажил эрхэлдэг хүмүүс өндөр настнуудын 25.1 хувийг эзэлж байна.

Мөн 65-69 насны иргэдийн 50.3 хувь нь ажил хөдөлмөр эрхэлж байгаа нь өмнөх оныхоос 0.7 хувиар өссөн үзүүлэлт болсон бөгөөд анх удаагаа 50 хувийн босгыг давжээ. Цаашид ахмад ажилтнуудын тоо нэмэгдэх төлөвтэй байна гэж яамны мэдээлэлд дурдсан байна. 

Эх сурвалж: ТОКИО. /Kyodo/

Сэтгэгдэл:
Таны IP: (3.239.90.61)