Ц.Оюунтөгс: Хот дахин төлөвлөлт 600 гаруй иргэнийг орон гэргүй болгосон

  Э.Ариунсанаа                                                                     

    Нийслэлд 2022-2023 онд дахин төлөвлөлтийн хүрээнд 6030 айлыг орон сууц шинээр барихаар болсон.  Гэсэн ч  өмнөх төслүүдийн ажлын явц хангалтгүй, иргэдийн эрхийг ноцтой зөрчиж, цөөнгүй иргэд орон гэргүй, хот төлөвлөлтийн хохирогч болж байгааг иргэний нийгмийн байгууллагууд онцолж байна. Энэ тухай  “Зургаан буудлын оршин суугчдын эрх ашгийг хамгаалах ТББ”-ын тэргүүн, “Эмнести Интернэшл”-ийн орон байртай байх эрхийн сургагч багш Ц.Оюунтөгс дараах мэдээллийг бидэнд өгсөн юм.

Caption

Тэрээр “Хот дахин төлөвлөлтийн бодлого буруу явагдснаас болж, 600 гаруй иргэн орон гэргүй болсон. Эрх нь зөрчигдөж буй иргэд  манай “Эмнести Интернэшнл” ТББ-д олноор ханддаг бөгөөд  гэрээ хэрхэн байгуулах, эрхээ хэрхэн хамгаалах тухай  зөвөлгөө, мэдээллийг авдаг. Одоогоор шаардлагад нийцсэн орон байртай байх эрхийн төлөө УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, Нийслэлийн удирдлагууд, ИТХ-ын төлөөлөгчдөд  захидал хүргүүлэхээр ард иргэдээсээ гарын үсэг цуглуулж байна” гэлээ.

Тус байгууллага өмнө нь  Сэлбэ, Баянхошуу, Дамбадаржаа байршил дахь дэд төвүүдийн дахин төлөвлөлтөөс үүдэн эрх нь зөрчигдөж байгаа иргэдийн эрхийг хамгаалжээ. Тодруулбал Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар хийгдэж буй дахин төлөвлөлтийн хүрээнд  хөрш өрхүүдийн эрхийг хамгаалахаар тус банкны хяналтын албанд гомдол гаргаж, зургаан сарын байр түрээслэх нөхөн олговор, нүүлгэлтийн зардал, зарим иргэнд  газар шинээр худалдан авч өгөх зэрэг асуудлыг шийдвэрлүүлжээ.

Тиймээс нийслэлийн бүтээн байгуулалт олон сайн талтай ч цөөнгүй иргэдийг амьдрах орон гэргүй болгох, асуудлыг нь шийдвэрлэхгүй байх, авч хэлэлцэхгүй удаашрах, арга хэмжээ авч  иргэдийн хохирлыг нөхөн барагдуулах зэрэг олон асуудал эзэнгүйдсээр, иргэдийг хохироосоор байна.

Иргэдийн хувьд эрхээ мэдэхгүйгээс ихээхэн хохирол амсдаг бөгөөд эдгээр иргэдийн дунд орон байргүй найман жил болсон иргэд хүртэл бий. Иймд хотын удирдлагууд энэхүү асуудалд анхаарлаа хандуулах зайлшгүй шаардлагатай байна” гэдгийг онцлон тэмдэглэсэн юм. 

Эх сурвалж: www.news24.mn

                                                           
   

 

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)