Дундговийн иргэд хүн малгүй уранаас хордож байна гэв

Э.Ариунсанаа

Дундговь аймгийн Өлзийт суманд уран олборлохыг эсэргүүцэж, нутгийн иргэд өнөөдөр хэвлэл мэдээллийнхэнд хандлаа. Иргэдийн мэдээлснээр тус суманд үйл ажиллагаа явуулж буй Чех улсын хөрөнгө оруулалттай “Гурван сайхан” компани нь 1994 оноос хойш хайгуул явуулж, наадмын үеэр ураны үйлдвэр байгуулах бэлтгэл ажлаа хангажээ. Үүнийг эсэргүүцсэн  нутгийн иргэд, тухайн байгууллага хооронд зөрчил маргаан үүсч, тус компанийн ажилтан машинаараа хүн дайрч гэмтээсэн ноцтой  хэрэг хүртэл гарсан байна.

Энэ асуулоын Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нарт уламжилж, тус суманд олборлож буй ураны үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоохыг хүсэж байна гэлээ. Мөн энэхүү үйл ажиллагааг баримтжуулсан 1000 гаруй хүний гарын үсэг бүхий холбогдох баримтуудыг сэтгүүлчдэд дэлгэн үзүүлсэн юм. . 

Дундговь аймгийн Иргэдийн хурлын дарга Б.Од-Эрдэнэ “Манай нутгийн ард иргэд 20-иод жил уран олборлохыг эсэргүүцэж, үе үеийн төр засгийн удирдлагуудад хандсаар ирсэн. Гэсэн  ч дорвитой шийдсэн зүйлгүй олон жил явж байна. Энэ асуудал улам бүр хүндэрсээр, одоо   хүний эрүүл мэнд, мал амьтан цаашлаад байгаль орчинд ноцтой хор хохирол учруулж байна. Мөн  тухайн компани шаардлага хүргүүлсэн нутгийн ард иргэдтэй зүй бусаар харьцаж, хүний биед гэмтэл учруулж, машинаараа хүн дайрч мөргөсөн хэрэг хүртэл гараад байна” гэв.

Мэдээллийн үеэр тус суманд цацраг идэвхи  газрын хөрс дээр илэрсэн болон тухайн аж ахуй нэгж норм стандарт хангаагүй зургаан зөрчил гаргасан тухай холбогдох баримтуудыг мөн дэлгэлээ.  Түүнчлэн 2000 оноос хойш малын зохисгүй үхэл нэмэгдэж, саажилттай хүүхэд ихээр төрж,  иргэдийн дунд хорт хавдрын өвчлөл ихсэж байгааг  холбогдох албаны хүмүүс анхааралдаа аваасай гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. 

Дундговь аймгийн Өлзийт суманд уран олборлох энэ ажил үргэлжилсэн хэвээр байвал хүн малгүй хордож, эрүүл мэндийн хувьд ноцтой асуудал тулгараад байгааг онцгойлон дурдаж байв.

Эх сурвалж: www.news24.mn

 

Сэтгэгдэл:
Таны IP: (34.205.246.61)