ЕХ-ны нэр дэвшигчийн статус авах Украины хүсэлтийг дэмжиж байна

Германы Засгийн газар Киевийн Европын Холбоонд /ЕХ/ элсэх нэр дэвшигчийн статус авах хүсэлтийг дэмжиж байгааг тус улсын канцлер Олаф Шольц мэдэгджээ. 

Мөн Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон Киевт айлчилж буй Европын дөрвөн удирдагч бүгд ЕХ-ны нэр дэвшигчийн шууд статусыг дэмжиж байгааг тэмдэглэсэн байна. 

Нэр дэвшигчийн статус нь ЕХ-ны гишүүнчлэлээс ялгаатай бөгөөд ЕХ-нд элсэх урт хугацааны үйл явц эхэлж буйг илтгэдэг.

“Бид түүхийн эргэлтийн цэг дээр зогсож байна. Украины ард түмэн ардчилал, эрх чөлөөнийхөө үнэ цэнийг өдөр бүр хамгаалж байна. Иймд энэ үйл явцыг хойшлуулж болохгүй” гэж Италийн Ерөнхий сайд Марио Драги онцлон хэлжээ.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн хувьд, “Бид улс орноо ЕХ-ны бүрэн эрхт гишүүн болгохын төлөө хүчин чармайлт тавихад бэлэн байна. Украинчууд энэхүү замналаар явах, нэр дэвшигчийн статус авах эрхийг хэдийнээ олж авсан” гэв.

Хэвлэлийн бага хурлын үеэр Э.Макрон Парис нэмэлтээр зургаан гаубицыг Украинд нийлүүлнэ гэдгийг мэдэгджээ. Мөн О.Шольц Украинд цэргийн тусламжийг “шаардлагатай хэмжээгээр нь” үзүүлнэ гэдгээ амласан байна.

В.Зеленскийн хэлснээр, Украин хэдий чинээ их зэвсэг авна, төдий чинээгээр Орост эзлэгдсэн нутаг дэвсгэрээ хурдан эргүүлэн авах боломжтой болно. “Аливаа шийдвэр хойшлогдсон өдөр бүр Оросын армийн хувьд украинчуудын амь насыг хөнөөх, хотуудыг сүйтгэх нөхцөлийг бүрдүүлж байна” гэж тэрбээр нэмж хэлжээ.

Румын улсын Ерөнхийлөгч Клаус Иоханнисын хувьд, Орос улс “үр тариаг зэвсэг болгон ашиглаж байгааг” зэмлэн буруушаагаад, энэ нь дэлхийн хэмжээнд нөлөө үзүүлж байгааг сануулсан байна. 

Эх сурвалж: КИЕВ. /DW/

Сэтгэгдэл:
Таны IP: (3.215.79.204)