ХОМ-ийг нь хянах явцад 16 албан тушаалтнаас зөрчил илэрчээ

АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс энэ сарын 3-7-нд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 323 иргэний ХАСУМ-ийг шалган, 145 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ.

Одоогоор ажиллагаанд 178 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байгаа аж. Мөн өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 44 гомдол мэдээллийг хүлээн авч шалгаснаас 17 гомдол мэдээллийг хянан шийдвэрлэсэн байна.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгаж, 6 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ. Одоогоор 34 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгаж байна.

Мөн албан тушаалтнуудын өнгөрсөн онуудад мэдүүлсэн ХОМ-ийг хянах явцад зөрчилтэй нь тогтоогдсон 16 албан тушаалтанд Авлигын эсрэг хуульд заасан хариуцлага тооцуулахаар “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д албан бичиг хүргүүлжээ.

Түүнчлэн Улсын хэмжээнд нийтийн албан тушаалтнууд ХАСХОМ-ээ шинэчлэн бүртгүүлэх ажил эхэлсэнтэй холбогдуулан төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын албан тушаалтнуудад мэдлэг, ойлголт олгох сургалтыг тасралтгүй зохион байгуулж байна. Энэ хүрээнд өнгөрсөн долоо хоногт 1058 мэдүүлэг гаргагчид “ХАСХОМ мэдүүлэхэд анхаарах асуудал” сэдвээр танхимаар болон цахимаар сургалт хийжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)