Өнгөрсөн долоо хоногт ахуйн гал түймрийн 35 дуудлага бүртгэгджээ

Хүйтний эрч чангарч байгаатай холбогдуулан ахуйн гал түймрийн дуудлага ихсэх хандлагатай байна. Өнгөрсөн долоо хоногт нийслэлд гал түймрийн 30, аврах ажиллагааны 5, нийт 35 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

Алба хаагчид гал түймрийн утаажилтын бүсээс 14 иргэнийг гаргаж, 970 сая төгрөгийн эд хөрөнгийг хамгаалжээ.

Мөн хугацаанд гал түймэрт өртөж 4 иргэн түлэгдэж гэмтсэн гэж НОБГ-аас мэдээллээ.

Нэмж дурдахад, өнгөрсөн сарын 14-ний байдлаар 3061 удаагийн ахуйн гал түймэр бүртгэгдэж. Түймрийн улмаас 65 хүний амь нас хохирч, 20 хүн түлэгдэж гэмтэн, 7 иргэн угаартаж, 823 бог мал хорогдсон байна.

Иймд иргэд, аж, ахуйн нэгж, байгууллагуудад гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргүүлж байна. Үүнд:

  • Гэмтэлтэй болон зориулалтын бус цахилгаан утас ашиглахгүй байх,
  • Ил утастай тень, плитка хэрэглэхгүй байх, цахилгаан бага зарцуулдаг стандартын шаардлага хангасан цахилгаан халаагуур хэрэглэх,
  • Цахилгаан залгуур/уртасгагч/-т нэг дор олон буюу цахилгаан хэрэгсэл залгаж ачааллыг хэтрүүлэхгүй байх,
  • Цахилгаан хэрэгслийг залгаатай удаан хугацаагаар орхиж явахгүй байх,
  • Харилцан адилгүй голчтой /зэс, хөнгөн цагаан/ цахилгаан дамжуулах утсыг холбож хэрэглэхгүй байх,
  • Яндангийн цонолт, халалтаас урьдчилан сэргийлэх,
  • Үнс нурмаа ил задгай асгахгүй байх,
  • Гэмтэлтэй пийшин зуух ашиглахгүй байх,
  • Пийшин, зуухны галлагааг хэтрүүлэхгүй байх.

Мөн сайжруулсан шахмал түлш асах, унтрах үедээ хамгийн ихээр угаар ялгаруулдаг учир ямар ч тохиолдолд яндангаа сугалахгүй байхыг мэргэжилтнүүд анхааруулж байгаа юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.234.165.107)