Бразилд хад нурсны улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ

Бразилд жуулчдын сууж явсан завин дээр хад нурсны улмаас амиа алдсан хүний тоо 10 болж нэмэгджээ. “CNN Brasil” сувгаар мэдээлснээр, аврагчид ням гарагт дахин гурван хүний цогцсыг олсон байна.

Эрлийн ажиллагаанд 50 аврагч, 11 шумбагч оролцож байгаа аж.

Бямба гаргийн үдээс хойш Бразилын Минас-Жерайс мужийн Капитолиу хотоос холгүй хадан хавцалд жуулчдын сууж явсан дөрвөн завин дээр хад нурсан байна. Хад нурах үеэр завинууд дээр 34 хүн байсан бөгөөд хоёр завь живж, 10 хүн амиа алджээ. Амиа алдсан бүх хүн нэг завин дээр явсан бөгөөд 23 хүн гэмтсэнээс найм нь эмнэлэгт хүргэгдсэн байна.

Минас-Жерайс Педру мужийн аврах албаны хэвлэлийн нарийн бичгийн дарга Педру Аихарагийн үзэж байгаагаар, бүс нутагт их хэмжээний хур бороо орсны улмаас их элэгдсэн чулуулаг нуржээ. Хадан хавцал дахин нурахыг тэрбээр үгүйсгээгүй байна.

Капитолиу нь жуулчдын очих дуртай газар юм. Хотоос холгүй усан аялал жуулчлал хөгжсөн үзэсгэлэнт хавцлууд байдаг аж. Эмгэнэлт явдалтай холбогдуулан хотын захиргаа усан аялал хийхийг хоригложээ.

Эх сурвалж:РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /TASS/

Сэтгэгдэл:
Таны IP: (3.239.90.61)