Улаанбаатарын 2040 оны хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцүүлж байна

Нийслэл Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний төслийг нийслэлийн “Хот төлөвлөлт, судалгааны институт"-ээс бизнесийн төлөөллийг оролцуулан өчигдөр танилцуулав.

Нийслэлийг хөгжүүлэх төлөвлөгөө нь оршин суугчдын эрүүл, аюулгүй, таатай орчинд амьдрах эрхийг бүрэн хангасан, байгаль орчинд ээлтэй тэргүүний технологид суурилсан, олон улсад байр сууриа эзэлсэн эдийн засагтай байхыг зорьж байна гэж “Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААҮГ-ын дарга Ч.Рэгзмаа тодотголоо. Нэг ёсондоо Монгол Улсын хөгжлийн хөтөч, иргэн төвтэй нийслэл хот болгоход хөгжлийн төлөвлөлт чиглэж байгаа аж. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хот байгуулалтын иж бүрэн үнэлгээг 2010, 2017, 2021 онд хийжээ. Үүгээр сүүлийн 10 жилд үнэлгээний балл 0,2-оор буурчээ.

2040 оноос хойш хотжих нутаг дэвсгэрийг тэлэхгүйгээр, хот байгуулалтын оновчтой бодлого төлөвлөлтөөр суурьшлын нягтралыг зохицуулах замаар хөгжүүлэхийг зорьж байна.

Тэрээр, “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-нд иргэд, олон нийтээс санал авах үйл ажиллагааг “Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ-аас үе шаттайгаар хэлэлцүүлж санал зөвлөмж гаргана гэдгийг мэдэгдлээ. Иргэд, ААН-үүд  https://ulaanbaatar2040.mn/ цахим хуудсаар орж, ерөнхий төлөвлөгөөний төсөлтэй танилцах боломжтой аж.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)