Францаас суух Элчин сайд Себастиан Сүрүн ИЖБ-ээ өргөн барив

Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Себастиан Сүрүн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өнөөдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол, Францын уламжлалт найрсаг харилцаа ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан амжилттай хөгжиж буйг онцлон тэмдэглэж, цаашид худалдаа, эдийн засаг, соёл, боловсролын салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх хүсэлтэй буйгаа илэрхийлэв. Тэрбээр байгаль хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг сайжруулах, цөлжилттэй тэмцэх чиглэлээр Франц Улстай хамтран ажиллах, сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүсэлтэй буйгаа тэмдэглэн, Элчин сайд Себастиан Сүрүнд ажлын өндөр амжилт хүсэв.

Элчин сайд Себастиан Сүрүн уламжлалт найрсаг харилцаатай Монгол Улстай батлан хамгаалах, иргэний аюулгүй байдал, уул уурхай, соёлын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллахаа илэрхийлэв. Мөн францын тал монголын баг тамирчдыг 2024 онд Парис хотноо зохион байгуулагдах Зуны олимпын наадамд оролцоход дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)