Иргэд гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотой гомдол, саналаа илэрхийлэв

Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар иргэдийн төлөөлөлтэй уулзаж, газар зохион байгуулалтын талаар ярилцлаа.

Түүнтэй уулзахаар хүсэлт гаргасан эдгээр иргэд хот төлөвлөлт, газар зохион байгуулалт, гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотой гомдол, саналтай байв. Тухайлбал, Баянзүрх дүүргийн иргэн С.Байгалмаагийн хувьд Гачууртын Шар хоолой, Булагтайн зусланд барьж буй амины орон сууцныхаа талаар гомдол гаргалаа. Тус газарт ах дүү хоёр 17.6 га талбайд газрын зөвшөөрөл авч /тухайн үед дүүргийн Засаг дарга зөвшөөрөл олгосон/, амины орон сууцыг олноор барьж худалдахдаа байгаль орчныг асар ихээр бохирдуулж, иргэдийн эрх ашгийг зөрчиж байгааг мэдээлсэн юм.

Энэ гомдлыг ойрын хугацаанд судалж, хууль журмын дагуу шийдэхийг холбогдох албаныханд даалгалаа. Түүнчлэн зарим иргэн хашааных нь үүдэнд олон тооны ТҮЦ байршуулснаас хашаандаа амьдрах боломжгүй болсон, амины орон сууцаа давхарлан барьж хэд хэдэн айлын цонх, тагт халхалсныг шийдэж өгнө үү гэх мэтээр асуудлаа шийдүүлэхээр уулзалтад иржээ.

Улаанбаатар хотод ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг буулган, дахин төлөвлөлтөд оруулж байгаа. Энэ төсөл амжилттай хэрэгжиж, иргэдийн амьдрах нөхцөлийг сайжруулсан тохиолдол олон ч иргэд, барилгын компанийн хооронд маргаан үүссэнээс төсөл нь зогссон тохиолдол ч бий. Тэдний төлөөлөл ч мөн уулзалтад ирсэн байлаа.  

Энэ бүх асуудлыг Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар сонсоод, боломжтойг нь яаралтай шийдэхийг албаныханд даалгав. Нийслэл, дүүргээс шийдсэн ч иргэд хоорондын үл ойлголцлоос шалтгаалах зүйл ч байдаг аж. Ийм тохиолдолд эе эвээ хичээж, зөвхөн өөрийнхөө эрх ашгийг өмнөө тавилгүй, бусдыг бодолцож шийдвэр гаргахыг Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч санууллаа.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын өгсөн үүрэг, даалгаврын дагуу хотын удирдлагууд иргэдийн санал, бодлыг сонсож, санаачилгыг үйл ажиллагаандаа тусгах, тулгамдсан асуудлыг шийдэх зорилгоор иргэдтэй уулзаж байгаа. Энэ удаагийн уулзалтад Хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар болон Баянгол дүүргийн удирдлагууд оролцов.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.236.218.88)