“Fantastic Beasts: The Secrets of Dumbledore” кино 2022 оны 4-р сард нээлтээ хийнэ

Их Британийн алдарт зохиолч Жоан Роулингийн ид шидийн ертөнцийн нэг хэсэг болох "Fantastic Beasts" франчайзын дараагийн анги 2022 оны дөрөвдүгээр сарын 15-нд шүтэн бишрэгчдийн хүртээл болох болсныг Wizarding World вебсайт мэдээллэсэн байна. “Fantastic Beasts: The Secrets of Dumbledore” нэртэй гуравдугаар ангид ид шидийн ертөнцийн амьтан судлаач Ньют Скамандерын шинэ адал явдлын тухай өгүүлэх юм. Тэрээр энэ удаад Альбус Дамблдорын зааврын дагуу хүчирхэг, хорон санаат шидтэн Геллерт Гриндевальдтай тулалдах хүч чадалтай шидтэнүүдийн багийг удирдах шаардлагатай болно.

Шинэ ангид Эдди Редмэйн (Ньют Скамандер), Жуд Лоу (Альбус Дамблдор), Эзра Миллер (Аврелий Дамблдор), Элисон Судол (Куини Голдштейн), Дэн Фоглер (Жейкод Ковальски), Кэтрин Уотерстон (Тина Голдштейн) зэрэг жүжигчид өөрсдийн дүрдээ эргэн ирж байгаа бол Геллерт Гриндевальдын дүрийг Жонни Деппын оронд Мадс Миккельсен бүтээхээр болжээ.

Түүнчлэн жүжигчдийн бүрэлдэхүүнд комик дүрүүдээрээ алдаршсан Жессика Уильямс нэмэгдэж, профессор Лалли Хиксийн дүрд тоглохоор болсон байна.

“Fantastic Beasts: The Secrets of Dumbledore” бүтээлийг өмнөх ангиуд дээр ажилласан Дэвид Йейтс найруулсан бөгөөд зохиолыг Стив Кловс, Жоан Роулинг нар бичжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.236.218.88)