Х.Энх-Амар ялагдаж, мөнгөн медаль авлаа
ОХУ-ын нийслэлд болж буй армийн боксын ДАШТ-ий алтан медалийн эзэд тодорсоор байна.
56 кг-ын жинд Х.Энх-Амар алтан медалийн төлөө ОХУ-ын Овик Оганнисянтай тулалдлаа.
Овик Оганнисян 28 настай. 2013 оны Европын аваргын тэмцээний хүрэл медальтай. 2011 оноос ОХУ-ын шигшээ багт орсон. ОХУ-ын аварга. ОУХМ цолтой.
Урьд нь таарч байсан тул нэг нэгнээ мэдэх 2 тамирчин. Эхний үеэс л зууралдсан сонин тоглолт болсон. Гэхдээ энэ үед манай тамирчны цохилт илүү оновчтой байлаа.
Хоёрдугаар үед Овик Оганнисян байнга шүүгчтэй ажилласан. Шүүгч ч “тэр ёсоор” манай тамирчныг торгож, оноо хассан.
Сүүлийн үед Овик бага зэрэг дайрч эхэлсэн. Гэхдээ байнга тулаастай, шүүгчтэй харц тулгарсан маягтай. Зайнаас цохилцохгүй зууралдан тулалдах бөгөөд манай Х.Энх-Амар арганд нь автчихлаа гэлтэй. Оросыг нутаг дээр нь ийм тактикаар ялахад хэцүү.
Ингээд шүүгчид оноо зарлалаа. Нэгдүгээр үеийг бол манайх авсан. Гуравдугаар үеийг Орост өгч болно. Ингээд хоёрдугаар үеийг шүүгчид яаж дүгнэснээр ялагч тодрох болсон. Тэр үед оноо хасуулсны уршгаар Х.Энх-Амар ялагдаж, мөнгөн медальтай үлдлээ.