Хятадын “Цахиурын хөндий”-Жунгуаньцунийн технологийн форум

БНХАУ бол дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж буй улс орнуудын нэг билээ. Эдийн засгийн өсөлт нь эрчимжиж, ард түмнийх нь аж амьдрал эрс сайжрахын хэрээр тус улс шинжлэх ухаан, технологийн салбарын хөгжилд ихээхэн анхаарал хандуулж байна.

Бээжин хотноо баасан гарагт эхэлсэн “Жунгуаньцунийн форум-2021”  технологийн форумын нээлтийн ёслолд тус улсын дарга Ши Жиньпин цахимаар холбогдон үг хэлэх үеэрээ шинжлэх ухаан, технологийн салбарт илүү нээлттэйгээр хамтран ажиллаж, хамтын ажиллагаагаа улам бүр бэхжүүлэхийг дэлхий дахинд уриалжээ.

Жунгуаньцунь бол Хятад улсын нийслэл Бээжин хотын Хайдянь дүүрэгт байдаг, үндэсний хэмжээний анхны бие даасан инновацийн бүс юм. Энэ бүсийг “Хятадын цахиурын хөндий” гэх нь ч бий.

“Оюун ухаан, эрүүл мэнд ба нүүрстөрөгчийн төвийг сахисан байдал” сэдвийн хүрээнд болж буй энэ оны форумын үеэр дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн ололт амжилтуудын талаар тав хоногийн турш хэлэлцүүлэг өрнүүлэх аж.

Инновац бол хөгжлийн тэргүүлэгч хүчин зүйл юм гэж Ши Жиньпин хэлээд, оюуны өмчийг хамгаалах хүчин чармайлтаа улам илүү нэмэгдүүлэхийг дэлхий дахинд уриалсан байна.

Технологи бол КОВИД-19-өөс үүдэлтэй эдийн засгийн хүндрэлээс гарах хөшүүрэг

КОВИД-19 цар тахлаас үүдэлтэйгээр олон сорилттой тулгарч буй дэлхийн эдийн засгийг сэргээхийн тулд технологийн салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлж, нээлттэйгээр хамтран ажиллах нь дэлхий дахины хувьд туйлын чухал болоод байна гэж Ши Жиньпин хэлжээ.

Түүний хэлснээр, улс орнууд дэлхийн чухал асуудлуудыг инновац болон технологиор дамжуулан шийдвэрлэх арга замуудыг хамтдаа эрэлхийлэх хэрэгтэй.

Мөн эдийн засгийн хөгжлийн “шинэ хөшүүрэг”-ийг бий болгохын тулд технологийн бүтээгдэхүүнүүдийг илүү боловсронгуй болгохыг тэрбээр уриалсан байна.

Жунгуаньцунь-Хятадын ‘Цахиурын хөндий’

БНХАУ 1949 онд байгуулагдахаас өмнө Жунгуаньцунь нь “буурай хөгжилтэй” тосгон байв. Харин тус улс шинжлэх ухаан, боловсролын нөөц бололцоогоо оновчтой хуваарилснаар энэ жижигхэн тосгонд технологийн шинэчлэлийн алтан үеийн үндэс суурийг тавьсан байна.

Бээжин хотын баруун хойд хэсэгт орших Жунгуаньцуньд тус улс 1988 онд үндэсний хэмжээний хамгийн анхны өндөр технологийн аж үйлдвэрийн хөгжлийн бүсийг албан ёсоор байгуулж байсан түүхтэй.

Зөвхөн 2020 онд л гэхэд  Жунгуаньцуньд өндөр технологийн 26 мянга гаруй аж ахуйн нэгж шинээр бүртгүүлсэн нь таван жилийн өмнөхтэй харьцуулахад 8.9 хувиар өссөн үзүүлэлт аж.

Жунгуаньцунь нь удахгүй дэлхийн хэмжээний шинжлэх ухаан, технологийн төв болно гэдэгт итгэлтэй буйгаа тус улсын дарга илэрхийлсэн байна.

Эх сурвалж: БЭЭЖИН. /CGTN/

Сэтгэгдэл:
Таны IP: (3.236.218.88)