ДЭМБ Африкт вакцинжуулалтын түвшин хангалтгүй байгаад санаа зовниж байна

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ Африк тивд “COVID-19”-ийн вакцинжуулалтын түвшин хангалтгүй байгаад санаа зовниж буйгаа илэрхийллээ.

ДЭМБ-ын мэдээлснээр, Африкийн 52 орны 42 нь есдүгээр сарын эцэс гэхэд хүн амынхаа дор хаяж 10 хувийг вакцинжуулах зорилтод хүрч чадахгүй төлөвтэй байна.

“Африкийн хүн амын ердөө гурав хүрэхгүй хувь нь вакцинд бүрэн хамрагдаад байна” гэж ДЭМБ-ын Африкийн бүсийн асуудал хариуцсан тэргүүн Матшидисо Моэти пүрэв гарагт болсoн цахим хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлжээ. Энэхүү үзүүлэлт нь Европын Холбоо, АНУ-д 50 гаруй хувьтай байгаа юм.

Иймд Африкт хангалттай тун вакциныг нийлүүлэх шаардлагатай байгаагийн зэрэгцээ тус тивийн орнууд хүн амаа вакцинжуулах төлөвлөгөөгөө илүү хурдан хэрэгжүүлэх хэрэгтэй байгааг онцлон тэмдэглэжээ.

Мөн НҮБ-ын тэргүүн Антонио Гутерреш вакцины тэгш хуваарилалтыг хангахыг уриалаад, орлого багатай орнуудад халдвар тархвал вирусний мутацийг нэмэгдүүлж, дэлхий дахинд сөрөг үр дагавар авчирч болзошгүйг анхааруулсан байна. 

Эх сурвалж: ЖЕНЕВ. /Reuters/

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)