Өсвөр насны хүүхдүүдэд гэр бүлийн харилцаанаас ШУУД хамаардаг

Орчин цагийн хүмүүс бидэнд хамгийн их хэрэгтэй чадваруудын нэг бол бусдын сэтгэл хөдлөлийг мэдрэх, тэдний оронд өөрийгөө тавьж үзэх чадвар билээ. Тэгвэл гэр бүлийнхэнтэйгээ дотно, найдвартай харилцаатай өсвөр насны хүүхдүүдийн энэ чадвар харьцангуй өндөр байгаа нь судалгаагаар тогтоогджээ.

АНУ-ын Виржиниагийн их сургуулийн Сэтгэл судлалын тэнхимийн профессор Jessica Stern гэр бүлийнхэнтэйгээ аюулгүй, эрүүл харилцаатай байх нь бусдыг өмгөөлөх, бусдад туслах зан үйлтэй хэрхэн холбогдож байгаа тухай судлахаар 14 насны 174 хүүхдийг судалгаандаа хамруулжээ. Ингэхдээ тэд ээнэгшлийн онолын дагуу эцэг эх болон хүүхэд хоорондын харилцаан дээр ажиглалт хийсэн байна. Ээнэгшлийн онолын тухай дуулаагүй хүмүүст зориулан тайлбарлахад энэ нь хүн бүрт бусадтай харилцах хэрэгцээ байдаг бөгөөд уг харилцаа ямар байхаас цаашид ямархуу нэгэн болох нь шалтгаалдаг гэсэн санаан дээр үндэслэдэг онол юм. 

Ийнхүү судалгааны багийнхан оролцогчдоор гэр бүлийнхэн нь ямархуу хүмүүс байдаг, хоорондоо ямар харилцаатай байдаг болон гэр бүлийнх нь сонирхолтой түүхүүдийг яриулсан байна. Ингээд тэд оролцогчдыг 18 нас хүртэл жил бүр энэ асуулгын ажиллагааг явуулжээ.

Судалгааны үр дүнд “empathy” буюу бусдыг ойлгох, бусдын оронд өөрийгөө тавьж үзэх чадвар өндөртэй өсвөрийнхний түрэмгий авир гаргах үзэгдэл цөөн байснаас гадна бусдыг дээрэлхэх тохиолдол ч бага байжээ.

Цаашилбал, 16-17 насны, гэр бүлийнхэнтэйгээ сайхан харилцаатай байдаг хүүхдүүдийн найзынхаа сэтгэл хөдлөлийг мэдрэх чадвар өндөр байв. Гэхдээ гэр бүлийнхэнтэйгээ сайнгүй харилцаатай байдаг хүүхдүүдийн энэ чадвар 18 нас хүрэхэд нь гүйцэж хөгжсөн байжээ. Судалгааны багийнхан энэ үзэгдлийг ангийн багшийн эерэг харилцаа, найзуудын дотно нөхөрлөлийн улмаас бий болсон байх боломжтой хэмээн тайлбарлаж буй юм. 

Судалгааг удирдсан профессор Stern, “Хэдийгээр гэр бүлийнхэнтэйгээ сайнгүй харилцаатай байсан хүүхдүүд 18 нас хүрэхэд бусдыг ойлгох чадвар нь гүйцэж хөгжсөн ч энэ нь чухам найз нөхөд, багш нараас шууд хамаарсан эсэх нь одоогоор баттай бус байна. Ямартай ч гэр бүлийн харилцаа хүүхдийн энэ ур чадварт нөлөөлдөг нь тогтоогдлоо. Мөн бид ямархуу гэр бүлд төрөхөө сонгох боломжгүй ч хэнтэй нөхөрлөхөө сонгох бүрэн боломжтой байдаг. Хэнтэй нөхөрлөх чинь хүртэл чухал учраас найз нөхрөө сонгохдоо нухацтай хандах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл чамд таатай мэдрэмж төрүүлдэг, чамайг дэмждэг, чамтай холбоотой байдаг, арыг чинь даадаг нэгнийг сонгоорой. Үүнээс гадна чи ч мөн тэдэнд яг ийм мэдрэмж төрүүлэх нь их чухал юм шүү” гэжээ.

Эх сурвалж: CNN 

Сэтгэгдэл:
Таны IP: (44.192.22.242)