Тажикистан Афганистантай залгаа хил рүүгээ 20 мянган цэрэг илгээнэ

Тажикистаны Батлан ​​хамгаалах яам Афганистаны хойд мужуудад байдал хурцдаж байгаатай холбогдуулан хилийн хамгаалалтыг чангатгах зорилгоор тус улстай залгаа хил рүүгээ 20 мянган цэрэг илгээхээр болжээ.

Ийм үүргийг Тажикистаны Ерөнхийлөгч Эмомали Рахмон даваа гарагт болсон Аюулгүй байдлын зөвлөлийн хуралдааны үеэр өгсөн байна.

Афганистантай залгаа хил дээрх нөхцөл байдал хурцадсантай холбогдуулан Тажикистаны Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд хил орчмын бүс нутгийн аюулгүй байдлыг хангах, улсын хилийн хамгаалалтыг бэхжүүлэх арга хэмжээ авах асуудлыг хэлэлцжээ.

Тажикистаны төрийн тэргүүн мөн үндэстэн дамнасан гэмт хэрэг, терроризм, экстремизм, мансууруулах бодисны наймаатай холбоотой хилийн зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгосон байна.

"Талибан" хөдөлгөөнийхөнтэй хийсэн зэвсэгт мөргөлдөөний үеэр ухрахаас аргагүйд хүрсэн Афганистаны Засгийн газрын 1037 цэргийг Тажикистаны хилээр оруулсан гэж тус улсын Үндэсний Аюулгүй байдлын Улсын хорооны Хилийн цэргийн хэвлэлийн төв даваа гарагт мэдээлжээ. Тус байгууллагын мэдээлснээр, долоодугаар сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө талибууд Тажикистантай 910 км урт хилээр хиллэдэг Афганистаны Бадахшан мужийн зургаан хошууг хяналтдаа оруулсан байна.

Америкийн цэргүүд Афганистанаас гарахтай зэрэгцэн "Талибан" хөдөлгөөн довтолгоогоо улам эрчимжүүлжээ. 

Эх сурвалж: ДУШАНБЕ. /TASS/

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)