Нийгмийн сүлжээний компаниуд Хонконг дахь үйлчилгээгээ зогсоож магадгүй байна

Нууцлалын дүрэм журамд нэмэлт өөрчлөлт оруулсантай холбоотойгоор “Facebook”, “Twitter”, “Google” зэрэг компани Хонконгт үзүүлдэг үйлчилгээгээ зогсоож магадгүй байна.

Эдгээр компанийн ази дахь салбар Хонконгийн засгийн газрын хувийн мэдээлэл хариуцсан албан тушаалтанд захидал илгээжээ. 

Хонконгт 2019 онд болсон томоохон эсэргүүцлийн үеэр цагдаа нар болон бусад хүний хувийн мэдээлэл интернетэд цацагдсаны дараа засгийн газар хувийн мэдээллийн тухай тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулахыг санал болгосон байна. 

Нууцлалын журамд оруулах нэмэлт өөрчлөлтийн талаар илүү дэлгэрэнгүй тайлбар өгөх хэрэгтэйг салбар компаниуд захидалдаа дурджээ. 

Түүнчлэн эрх баригчдын нийгмийн сүлжээн дэх мэдэгдлийг устгах тухай хүсэлтийг биелүүлээгүй тохиолдолд ажилтнуудад нь эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж болзошгүйд санаа зовниж буйгаа компаниуд илэрхийлсэн байна.

Эдгээр нийгмийн сүлжээний компаниас үзүүлдэг үйлчилгээг Хонконгийн оршин суугчид чөлөөтэй ашигладаг бол эх газрын Хятадад иймэрхүү үйлчилгээг хатуу хязгаарласан байдаг аж.

Эх сурвалж: ХОНКОНГ. /NHK/

Сэтгэгдэл:
Таны IP: (3.237.91.98)