Г.Отгонбаяр: "COVID-19"-ийн голомтод ажиллаж байгаа алба хаагчдад 50 хувийн хөнгөлөлттэй үйлчилнэ

Б.ТУУЛ

“Хамаг бүхэн бороо мэт арилж, харин гэрэл зураг шороо мэт үлдэнэ” гэдэг. COVID-19 цар тахлын голомтод амсхийх завгүй ажиллаж буй төрийн алба хаагчдад зориулан гэрэл зургийн урамшуулалт аяныг зарлаад буй  “Studio20” фотостудийн захирал, гэрэл зурагчин Г.Отгонбаярыг “Өөр зочин”-оор урилаа.

-Гар утас, камер хөгжиж, гэрэл зурагт дурлах хүн олон болж байна. Гэсэн ч мэргэжлийн зурагчид үргэлж ур чадвар, дадлага туршлагаараа ялгарч байдаг. Таны хувьд зураг авах нь хобби юу, ажил хэрэг юм уу?

-Хобби бас ажил. Би 2006 онд анх гэрэл зургийн салбарт хөл тавьж байсан. Ажиллаад 15 жил болох гэж байна. Зурагчин болох эхлэл маань анх Photoshop-ын программыг бие даан сурч байснаас үүдэлтэй.

Аав, ээжийнхээ залуугийн, хуучны зургийг засварлах гээд Photoshop сурч байлаа. Тэгээд дараа нь өөрөө зураг аваад, засварлах нь илүү сонирхолтой санагддаг болсон. Тэгж явсаар сүүлдээ гэрэл зураг миний хобби болж хувирсан.

Одоо хоббигоо ажил хэрэг болгоод, өөрийн гэсэн фото студи байгуулаад ажиллаж байна.  Байгалийн сайхныг, хүний амьдралын сайхныг гэрэл зурагт мөнхөлж үлдээнэ, олон сайхан дурсамж бүтээнэ гэдэг үгээр хэлшгүй, сонирхолтой. Тийм болохоор одоо ч гэсэн мэргэжилдээ дурлаж ажилладаг даа.

-Гэрэл зургийн студи ажиллуулаад хэр удаж байгаа вэ. Ер нь яагаад студийн, мэргэжлийн гэрэл зурагчин болчихов?

- “Studio20” гэрэл зургийн студийг байгуулаад гурван жил болж байна. Намайг анх гэрэл зураг сонирхоод, Photoshopын программ сурч байх үед гэрэл зургийн газар их ховор байсан. Тэр үед программаа сайн сураагүй байсан хэрнээ л цээж зураг авдаг гэрэл зургийн газар ажилд орж, түүнийхээ хажуугаар 2-3 студид давхар ажиллангаа суралцдаг  байсан. Хамгийн гол нь хүмүүсийн сэтгэлд хүрсэн сайн зураг авдаг болно гэсэн итгэлтэйгээр л ажилладаг байлаа.

Тэгээд шөнө нь сууж судалж, суралцаж, сургалтанд хамрагдаж, өдөр нь ажилласаар багагүй туршлага хуримтлуулсан. Ингэж өөрийгөө дайчилж явсаар гэрэл зургийг ажил мэргэжлээ болгож, студи байгуулсан. Одоо чөлөөт уран бүтээлч маягаар ажилладаг. 

-Сүүлийн хоёр жилд бид COVID-19-тэй нүүр тулж байна. Цар тахал бизнесийнхэн, үйлчилгээний байгууллагуудад халтай байлаа. Хөл хорионоор сул зогсолт хийсэн үү?

-Цар тахлын хор уршиг салбар бүрт хүнд тусаж байна. Үйлчилгээний байгууллага гэдэг утгаараа гэрэл зургийн газрууд бүгд олон сар үйл ажиллагаагаа зогсоосон. Засгийн газрын шийдвэр, УОК-оос хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэр учраас маш сайн дагаж мөрдсөн. Гэсэн ч бидэнд түрээсийн асуудал хүндрэх, ажил зогсохоор ард нь дагаад төлөвлөсөн ажлууд хойшлохоос эхлээд олон асуудал үүссэн.

Хурим найрын захиалгат зургууд хойшилсон, цуцлагдсан. Ажлын байрныхаа тоог цөөлсөн гээд асуудал их байсан. Ямартай ч энэ хүнд цаг үеийг хамтдаа даван туулна гэсэн бодолтойгоор, халдвар хамгааллын дэглэмээ чанд сахиад ажиллаж байна. 

-Гэрэл зураг гэдэг хүний амьдралд олон сайхан түүх бүтээж байдаг. Мэргэжлийн зурагчин хүний хувьд COVID-19-ийг хэрхэн харж, дүгнэж байна вэ?

-Аливаа юм сайн, муу хоёр талтай. Тэр утгаараа хөл хорионы сайн тал нь өөртөө болон гэр бүлдээ зарцуулах цаг зав нэмэгдсэн. Мөн бага боловч сурч мэдэх боломж бүрдсэн. Ганц надад гэлтгүй өглөө гараад орой гэртээ орж ирдэг хүн бүрт гэр бүл,  үр хүүхэд, хань ижилдээ халамж анхаарал тавих боломж бүрдсэн байх.

Мөн бидний харж байгаагаар, олон хүн их гэр бүлсэг болсон. Өөрөөр хэлбэл, COVID-ийн халдвар олон хүнийг ганцаардлаас салгаж, гэр бүлд нь нэгтгэсэн гэж боддог. Яагаад гэвэл, хөл хорионы ард хүмүүс гэр бүлийн, хосуудын зураг даруулахаар их ирдэг болсон. Ер нь гэр бүлдээ хамгийн сайхан дурсамж бүтээдэг зүйл бол гэр бүлийн зураг авалт байдаг.

Нөгөөтэйгүүр, дэлхий нийтэд тархаж буй цар тахлыг түүхэнд мөнхлөн авч үлдэхэд гэрэл зураг асар их үүрэг гүйцэтгэж байна. Гэрэл зураг үнэхээр л “Дэлхийн хэл” гэдэг шиг хэл яриагаараа ойлголцохгүй 7.5 тэрбум хүн гэрэл зургийн тусламжтайгаар бие биенээ ойлгож, мэдэрч цар тахалд нэрвэгдсэн хэцүү цаг үеийг хамтдаа даван туулж байна.

-Танай студийг COVID-19-ийн голомтод ажиллаж буй төрийн алба хаагчдад зориулсан урамшуулалт аян зарласан гэж сонссон. Энэ талаарх мэдээллээ сонирхуулаач?

-Цар тахал дэлхий нийтэд хэдэн сая хүний амийг авч одлоо. Монголд ч бас нас баралт өндөр байна. COVID-19 олон хүнд айдас түгшүүр төрүүлсэн хэвээрээ байна. Тийм болохоор манай студийн зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд цар тахлын голомтод ажиллаж буй эмч эмнэлгийн ажилтнууд, цагдаа хүчний байгууллагынхан, онцгой байдлын алба хаагчдад талархлаа илэрхийлээд, дээрх гурван байгууллагад ажиллаж буй хүмүүст 50 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлэх саналыг гаргаад байгаа юм.

Урамшуулалт аян маань долдугаар сарын 1-25-ныг хүртэл үргэлжилнэ. Энэ хугацаанд албан байгууллага, алба хэлтэс, тасаг нэгжээрээ, найз нөхдөөрөө, гэр бүлээрээ ямар ч төрлөөр зурагаа авахуулах боломжтой. Ажлын хувцастайгаа зураг даруулах иргэдээс бичиг баримт шаардахгүй.

Бусад тохиолдолд, ажлын үнэмлэхтэйгээ ирэхэд болно. Хэрэв дээрх хугацаанд ажил ихтэй ирж зурагаа авахуулж амжихгүй бол урьдчилаад захиалгаа өгөөд, завтай үедээ зурагаа даруулах боломжтой.  Санаагаар болдог бол эдгээр алба хаагчдадаа 100 хувийн хөнгөлөлт үзүүлэх хүсэл байвч олон сарын сул зогсолт маань зардлаа дийлэхгүй байх гэсэн болгоомжлол байгааг ойлгох байх  гэж найдаж байна. Ямартай ч чадах зүйлээрээ бусдадаа тусалъя, дэмжье гэсэн халуун сэтгэлтэй ажиллаж байна.

-Далайд дусал нэмэр гэдэг, сайхан санаа байна. Таны бодлоор мэргэжлийн гэрэл зурагчин, гэрэл зураг сонирхогчдын хооронд ямар ялгаа байдаг вэ?

-Одоо чинь дижитал эрин үе. Хүн болгон гар утастай, дийлэнх нь сонирхогчийн болон мэргэжлийн камертай болсон. Тэр утгаараа зураг авах дуртай, гэрэл зургийн урлагт хайртай хүмүүс олширсон. Ер нь зураг авах нь хүн бүрт сайхан мэдрэмжийг өгч байдаг учраас өнөөгийн нийгэмд энэ нь сэтгэлзүйн таашаал эдлэх бас нэгэн боломж ч юм шиг санагддаг. Мэдээж, мэргэжлийн гэрэл зурагчин, сонирхогчид гээд ангилбал ур чадвар, ажлын туршлага, техник хэрэгсэл гээд олон зүйлээрээ ялгарна. Гэхдээ энэ нь  гэрэл зурагт дуртай эсвэл авъяастай байх нь заавал мэргэжлийн хүн байх ёстой гэсэн үг биш юм. Ямар хүмүүсийг мэргэжлийн гэрэл зурагчид гээд байна вэ гэвэл, хоббигоо ажил хэрэг болгоод явж байгаа, гэрэл зурагт илүү их сэтгэл гаргадаг. Гэрэл зургаар хоолоо олж иддэг, бизнес эрхэлдэг хүмүүсийг хэлж байгаа болов уу.

-Хүн болгонд хэрэглэхэд эвтэйхэн Nikon, Canon ч юм уу, дасан зохицсон камер байдаг. Таны хувьд ямар апп хэрэглэдэг вэ. Аппаратаа нэг магтаач?

-Би одоо “Sony” брэндийн камер хэрэглэдэг. Өмнө нь олон аппарат хэрэглэж байсан. Гэхдээ энэ удаа “Sony”-гийн камер загвар болоод үзүүлэлтийн хувьд чөлөөт гэрэл зурагчнаас эхлээд мэргэжлийн гэрэл зурагчид хэрэглэхэд тохиромжтой санагдсан учраас сонгосон. Зургийн аппарат болгоны давуу талыг шингээсэн олон үйлдэлтэй.

Ажиллагаа, цэсний хувьд цэгцтэй бас хурдан. Загвар хэмжээний хувьд хэрэглэхэд хялбар, авч явахад авсаархан гээд магтах зүйл олон байдаг.  Өнгө дүрсний чанар, санах ой, дүрс тогтворжуулагчаас эхлээд мэргэжлийн гэрэл зурагчдад зориулсан олон нарийн элементүүдийг өөртөө шингээсэн байдаг.

-Ер нь сайн зураг авахад юу нөлөөлдөг вэ. Хүмүүс студид зураг даруулахдаа багагүй сандардаг шүү дээ. Хэрэгтэй зөвлөгөө өгөөч?

-Сайн зураг авахад сэтгэл, мэдрэмж хамгийн чухал. Юуны өмнө өндөр үнэтэй камер авах бус өөрийгөө хөгжүүлж, сайн суралцах хэрэгтэй. Бүх зүйлээ сайн сурсны дараа өөрийн эрхгүй камераа сайжруулмаар санагддаг. Тэр үед нь сайн камер сонирхож болно. Түүнээс наана гар утас, энгийн сонирхогчдод зориулсан камераа маш сайн ашиглаж, камертайгаа харьцаж чаддаг байх хэрэгтэй.

Ялангуяа, гэрэл зураг эхлэн сонирхогчдын хувьд камерныхаа заавартай сайн танилцаж, тохиргоонуудыг өөрчлөн олон янзын “mode” туршиж үзээрэй.Тэгээд  аль болох олон зураг авбал аппаратныхаа үйлдлүүдийг сайн мэддэг болно. Тооноос илүү чанарт шилжих болно.

Бидний хувьд сайн зураг авах нь багийн ажиллагаа байдаг. Байгалийн болон хурим найр, гэр бүл, бизнесийн гээд олон төрлийн захиалгат зургийг гадаа болон дотор студид, арга хэмжээн дээр авах хэрэг гардаг. Энэ тохиолдолд баг хамт олноороо хурдан шуурхай, мэргэжлийн өндөр түвшинд ажиллаж байж л хүмүүсийн сэтгэлд хүрсэн үйлчилгээг үзүүлдэг.  Харин хүмүүст, гэр бүл, хосууддаа  хандаж хэлэхэд, заримдаа бид дэндүү завгүй явсаар, хайртай дотны хүмүүс, аав ээж, үр хүүхдийнхээ аз жаргалтай агшныг гэрэл зурагт мөнхлөн үлдээж, амьдралдаа олон сайхан дурсамж бүтээж чаддаггүй.

Тиймээс гэр бүлдээ, хайртай хүмүүстээ ганц удаа ч болов цаг зав, сэтгэл гаргаарай. Бид таны амьдралд сайхан дурсамжийг бүтээхын төлөө хичээх болно гэж хэлье. 

-Ярилцлагынхаа төгсгөлд нэг зүйлийг сонирхож асууя. Студийн гэрэл зурагчдад тулгардаг бэрхшээл байдаг уу?

-Гэрэл зургийг хараад ойлгодог, гэрэл зургийн урлагт дурладаг хүмүүс олон байдаг. Харин зарим нь гэрэл зургийг шууд бизнес гэж хардаг. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн гэрэл зурагчдын хувьд, гэрэл зураг болоод өөрсдийнхөө хөдөлмөрийг үнэлж байгаа ганц зүйл нь зургийн үнэ тариф буюу файлын үнэлгээ байдаг. Гэтэл зарим хүмүүс үүнийг ойлгодоггүй. Үүнд л хааяа эмзэглэдэг дээ. Өөр бусад нь гайгүй дээ, хичээл зүтгэл байхад бүх юм болж бүтдэг.

FACEBOOK/Studio20

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.7.2 БААСАН № 132 (6609)

Сэтгэгдэл: (2)
Таны IP: (44.192.22.242)
Иргэн Эр хүн. Бусдад туслаж л байвал буян нь бороо мэт асгарч ирдэг.
2021-07-05 Хариулах
Зочин Маш зөв. Дэмжиж байна. Үлгэр жишээ санал байна. Амжилт хүсье.
2021-07-05 Хариулах