Засгийн газар, УОК-т шаардлага хүргүүлжээ

Улаанбаатар хотын Худалдааны Танхимаас Засгийн газар, УОК-т хандан шаардлага хүргүүлжээ. Энд, “Бизнес эрхлэгчид, хувийн хэвшлийнхэн бид цар тахлын тархалтыг зогсоох нэрийдлээр зарим салбарын бизнесийг хааж, зогсоож, улмаар энэ арга хэмжээгээ байнга сунгаж байдгийг эсэргүүцэж байна” гэжээ. Цаашид аливаа төрлийн бизнесийн үйл ажиллагааг хааж зогсоох ямар нэгэн арга хэмжээ авахгүй байхыг хүсэж байна.

Учир нь өнөөг хүртэл бизнес эрхлэгч бид Засгийн газар, УОК, НОК зэрэг бүх шатны төрийн байгууллагын тавьсан шаардлага, хэлсэн үг, хэрэгжүүлсэн үйл ажиллагааг хэлбэрэлтгүй даган мөрдөж ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалахад өөрсдийн хувь нэмрээ оруулахаас гадна өөрийн ажилчид, тэдний гэр бүлийн амьдралын нөхцөлийг доройтуулахгүйн тулд бүх боломжоороо ажлын байраа хадгалж үлдэхийн төлөө зүтгэсээр ирсэн.

Харамсалтай нь бизнес эрхлэгчид биднээс шалтгаалахгүй нөхцөл байдлаас үүдэн хүний бөөгнөрөл, хөл хөдөлгөөн орон даяар нэмэгдэж байна. Энэ нь хэн бүхний нүдэнд ил байхад татвар төлөгч аж ахуйн нэгжүүд, хувиараа бизнес эрхлэгчдийн буруу мэтээр зөвхөн хувийн хэвшлийнхний үйл ажиллагааг хаах арга хэмжээг юуны түрүүнд авдгаа болихыг шаардаж байна.

 

Бизнес эрхлэгчид бид төрийн байгууллагаас гаргасан халдвараас сэргийлж хамгаалах дэглэмийг мөрдөж, стандартын дагуу үйл ажиллагаагаа явуулах тул үйл ажиллагааг нээх шийдвэр гаргана гэдэгт итгэж байна гэжээ.   

Сэтгэгдэл:
Таны IP: (44.192.22.242)