Испанид гудамжинд амны хаалт зүүх журмыг цуцалжээ

 Испаничууд бямба гаргаас эхлэн гудамжинд явахдаа амны хаалт заавал зүүх шаардлагагүй боллоо. Халдварын байдал сайжирч, коронавирусээс сэргийлэх вакцинжуулалт эрчимжсэнтэй холбогдуулан тус улсын Засгийн газар ийм шийдвэрийг гаргажээ.

Испанийн Засгийн газраас мэдэгдсэнээр, хүн хооронд 1.5 метрийн зай барьсан тохиолдолд амны хаалт заавал зүүх шаардлагагүй. Хэдийгээр журмыг сулруулсан ч испаничууд битүү орчинд, олон нийтийн газруудад, зарим тохиолдолд гадаа томоохон арга хэмжээнүүдэд амны хаалт зүүнэ. Үүнээс гадна, тээврийн хэрэгслээр зорчихдоо амны хаалт заавал зүүх шаардлага хүчинтэй хэвээр байх бөгөөд зөрчсөн тохиолдолд 100 хүртэлх еврогийн торгууль ногдуулж магадгүй байна. 

Үүний зэрэгцээ Засгийн газрын энэ шийдвэр Испанийн нийгэмд маргаан үүсгэжээ. Олон нийтийн дунд явуулсан санал асуулгын дүнгээс үзвэл, түүнд оролцогчдын 46 хувь нь гудамжинд амны хаалт зүүх журмыг цуцалж буйг дэмжсэн бол 42.5 хувь нь коронавирусээр халдварлах эрсдэл өндөр хэвээр байгаа тул энэхүү шийдвэрийг эртэдсэн гэж үзэж байна.

Гудамжинд амны хаалт заавал зүүх журам Испанид нэг жил орчим мөрдөгджээ.

47 сая хүн амтай Испанид коронавирусний халдвар тархсанаас хойш 3.77 сая тохиолдол илэрч, 80 700 гаруй өвчтөн нас барсан байна. Тус улсын Засгийн газар өнгөрсөн оны 10 дугаар сарын сүүлчээр өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэм тогтоосон бөгөөд энэ оны тавдугаар сарын 9-нд дуусгавар болжээ. Зургаадугаар сарын дундуур Испанид 100 мянган хүн тутамд тохиолдож буй халдвар өнгөрсөн оны наймдугаар сараас хойш анх удаа 100-гаас буурсан байна. 

Коронавирусний вакцинжуулалтын аян тус улсад 2020 оны 12 дугаар сарын 27-нд эхэлсэн байна. Одоогийн байдлаар хүн амын тал гаруй хувь нь вакцины нэг тунд хамрагджээ.

Эх сурвалж: МАДРИД. /BBC/

Сэтгэгдэл:
Таны IP: (35.171.159.141)