Д.Баярмаа: Гоёлын лаа гэрт сайхан үнэр, энергийг түгээж, агаар цэвэршүүлдэг

Б.ТУУЛ

Бидний өдөр тутамдаа энгийн зүйл мэт хүлээж авдаг зүйлийг зарим хүн урлагийн бүтээл болгож, чанарыг мэдрүүлэх нь гайхамшигтай ч юм шиг. Тиймээс энэ удаагийнхаа “Өөр зочин”-д хоббигоо хөгжүүлж, “Индра” брэнд болгосон, 50 гаруй төрлийн гоёмсог бүтээлийн эзэн, зохион бүтээгч, дизайнер Д.Баярмааг урилаа.

 -Ихэнх хүмүүс хоббигоо өргөжүүлж, хөгжүүлж чаддаггүй. Харин таныг хоёр ажил зэрэг хийдэг хэрнээ олон төрлийн гоёмсог зүйлс урладаг гэж сонссон. Гар урлалын бүтээлээ хэзээнээс хийж эхэлсэн бэ?

-Би бас бусдын адил ажил, амьдрал гээд шинэ зүйл сурах, түүнийгээ хөгжүүлж, өргөжүүлэх завгүй явдаг байлаа. Харин сонирхлоороо охид, бүсгүйчүүдэд зориулсан гоёл чимэглэл, аксессуар хийж урладаг байсан. Тэгээд хоббигоо өргөжүүлээд, эрүүл мэндэд хоргүй, эко бүтээгдэхүүнээр гоёлын лаа хийж үзвэл гэсэн бодол төрж, гар урлалын бүтээлдээ шинэ цэс нэмсэн.

Одоо гоёлын болон үнэртүүлэгч лаа гээд 50 орчим төрлийн бүтээл урладаг. Өнгө сонголтын хувьд 20 орчим төрлөөс сонгох боломжтой. Үүнийхээ хажуугаар гэрийн болон автомашины үнэртүүлэгч хийдэг. Тогтсон хэдэн үйлчлүүлэгчтэй, ихэнх бүтээлээ захиалгаар хийдэг.

Эхэндээ мэдээж, туршлага дутахаас эхлээд олон зүйл дутуу дулимаг санагдаж байсан. Тэгээд энэ санаагаа яаж хөгжүүлж, баяжуулах вэ. Зүгээр нэг лаа хийгээд зарж борлуулж ашиг олохдоо бус яаж хүнд хэрэгтэй, ашигтай зүйл хийхсэн гэж бодож урладаг.

-Гар урлалын олон бүтээл сонирхож явахад таны урласан зүйлс нүдэнд содон тусч байлаа. Хүмүүс “Индра” брэндийн бүтээгдэхүүн гэхээр нь энэтхэг лаа юм байх даа гэж бодсон?

-Үгүй ээ. Би гурван хүү, нэг охинтой. Тэгээд өөрийнхөө гар урлалын бүтээлүүдийг охиныхоо нэрээр нэрлэсэн юм. 

“Индра” гэдэг нь Энэтхэгийн хайр дурлалын бэлэг тэмдэг, хайрын бурхан гэсэн утгатай нэр. Харин монголоор “Индра” гэдэг нэрийн утга учир нь хурмаст тэнгэр гэсэн гэгээн зүйлийг билэгддэг.

Тийм болохоор манай бүтээлүүдийг хүмүүс “Индра” брэнд гэдгээр нь илүүтэй таньдаг. Миний хувьд гоёлын лаагаа өнгө үнэр, үзэмж зэргийг нь чанарын өндөр түвшинд хийж урлах юмсан гэж хичээдэг. Тэр утгаараа сав баглаа боодол, савалгаа зэрэгт нь маш их анхаардаг. Хүмүүс энгийн лаа гэж битгий хараасай, өнгө үнэр нь чамин тансаг, хүний нүд болоод сэтгэлзүйд таашаал өгч чадах чанартай бүтээл болоосой гэж боддог.

-Танай гоёлын лаанууд өнгө үнэр нь их содон. Орц найрлагын хувьд олон зүйл ордог уу. Материалын олдоц нь хэр байдаг вэ? 

-Бидний хийдэг гоёлын лаа, үнэртүүлэгч зэрэг нь бүгд цэвэр эко бүтээгдэхүүн байдаг. Бүтээгдэхүүнийхээ орц найрлагад ордог зүйлсээ Солонгосоос захиалж авдаг. Монголд тэр бүр олдоод байдаггүй учраас нэг захиалахдаа 1-3 сарын хэрэглээгээ тооцоод, захиалдаг.

Харин  сав баглаа боодол зэргээ урд хөршөөс захиалгаар авдаг. Би гар урлалын бүх бүтээлээ өнгө үзэмж болоод хэрэглээний хувьд чанартай, чамин тансаг байгаасай гэж хүсдэг. Тиймдээ ч чанартай, цөөн бүтээл урладаг. 

-Сүүлийн үед хүмүүс гэртээ, ажил дээрээ лаа их асаадаг болжээ. Мөн зарим айл гэртээ гоёлын лааг сувинер маягаар ашиглаад, гэрээ тохижуулдаг болсон байна. Тиймээс та  лаа асаах, өнгө үнэр нь ямар утга илэрхийлдэг вэ гэдгийг товчхон тайлбарлаж өгөөч?

-Лааны өнгө, орц найрлага, зориулалт хэрэглээ нь тус бүртээ өөр байдаг. Тухайлбал,  ногоон өнгийн лаа нь зүрхэн хүрдний энергийг тэтгэж, гэр бүлд халуун дулаан уур амьсгалыг нэмдэг. Үүнээс гадна бүтэлгүй хайр дурлал, сэтгэлийн хоосон орон зайг нөхөж өгдөг гэдэг.

Шар өнгийн лаа нь мөнгөн сүлжээ буюу мөнгө эд баялагийн хүрдийг энергээр тэтгэж, мөнгөний урсгалыг сайжруулдаг. Мөн гарлагын үүдийг хааж, мөнгө эд баялгийг тогтоодог гэж ярьдаг. Улаан өнгө нь өөрөөсөө их эрчим ялгаруулдаг учраас улаан өнгийн лаа нь энергийн долоон хүрдэнд төгс нөлөөлж, сөрөг энергийг устгадаг гэх мэт лаа болгон өөрийн гэсэн утга агуулгатай байдаг.

-Хот, хөдөөгийн хэрэглэгчид хэр олон байдаг вэ?

 -Хэрэглээний хувьд хот, хөдөөгүй өргөн хэрэглэдэг. Хүмүүс ялангуяа долоон хүрдний энергийн лааг илүүтэй сонгож авдаг. Ялангуяа, хөдөө орон нутгаас захиалгаар энергийн лаа буюу долоон хүрдний лааг их захиалж авдаг. Эко органик бүтээгдэхүүн гэдэг утгаараа эдгээр лаа нь  хүний биед хоргүй, хөө тортог гаргадаггүй, сэтгэл санаанд тайвшрах мэдрэмжийг өгдөг.

Ер нь гэртээ лаа асаах нь олон талын ач холбогдолтой. Энгийн жишээ дурдахад,  хүмүүс гэрээ цэвэрлэсний дараа гэртээ анхилам үнэртэй лаа асаах, зориулалтын үнэртүүлэгч хэрэглэдэг болсон. Ялангуяа,  зочны өрөө, унтлагын өрөөнд илүү тансаг, анхилам үнэртэй, гоёмсог дэгжин савлагаатай лаа асааж, гэрийнхээ сөрөг энергийг засдаг. Мөн зориулалтын үнэртүүлэгч бас сонгож авдаг. Хотынхон угаалгын өрөө, ОО-ын өрөөнд зориулсан үнэртүүлэгч лааг их авдаг. Утаа, хөө тортогтой гээд арц, хүж уугиулахаа больсон байна. Түүнийхээ оронд үнэртүүлэгч  лаа их хэрэглэдэг болсон. Үнэртүүлэгч лаа нь гэрийг их  сайхан анхилам үнэртэй болгодог.

-Танай бүтээгдэхүүнийг баярын өдрүүдээр эрэлт ихтэй байдаг гэж сонссон. Хүмүүс бэлгэнд лаа их өгдөг юм уу? 

-Баяр ёслолоор хүмүүс гоёмсог сав баглаа боодолтой, өвөрмөц хэлбэртэй лаа их өгдөг болсон. Жишээ нь, манайх “Гэгээн хайрын өдөр” буюу “Валентины баяр”-аар зүрхэн хэлбэртэй лааг захиалгаар их хийдэг. Шинэ жилээр хүмүүс бас гоёмсог лаанууд их авна. Байнгын үйлчлүүлэгчид маань манай лаа, зориулалтын үнэртүүлэгчийг авч хэрэглээд сурчихсан байдаг.

Зарим нь найз нөхөд, гэр бүл, эхнэр нөхөртөө бэлэглэх гээд тусгайлан захиалгаа өгөөд, цор ганцхан бүтээл захиалгаар хийлгэж авдаг.  Борлуулалтын хувьд бид “Баялаг ундраа” худалдаа үйлчилгээний төвд гоёл чимэглэлийн бөөний төв дээрээ төвлөрч худалдаалдаг.

-Гадуур адил төстэй бараа олон байдаг. Танай гоёлын лаа, үнэртүүлэгч бусдаас юугаараа ялгардаг вэ? 

-Гадуур зарж буй лаанууд их хурдан хайлаад дуусдаг. Тэгвэл манай  гар урлалын лаанууд  шаталт нь удаан, хөө тортог гаргахгүй. Нэг лаа нь ойролцоогоор 1-3 цаг асаж, анхилам үнэрээ түгээдэг. Хамгийн дээд тал нь 48-72 цаг асдаг. Гэхдээ одоо хүмүүс өөрснийхөө хэрэглээнд тааруулж хэрэглэдэг. Нэг хоёр цаг асаагаад унтраах, маргааш нь дахиад асаах гэх мэтээр хэрэглэдэг учраас хэрэглээний хувьд хэмнэлттэй.

Мөн зарим лааны гол нь түрүүлээд шатаад дуусчихдаг, тос нь хайлж дуусаагүй шилэндээ үлдчихдэг. Харин манай лаанууд тосоо дуустал гол нь асдаг гэх мэт олон зүйлээрээ ялгаатай. Тиймээс тогтсон хэрэглэгчид маань энгийн болон баярын өдрүүдэд гэртээ их захиалж авдаг.

Caption

-Хамгийн их ажиллагаа шаардсан, нарийн техниктэй хийгддэг нь ямар лаа байдаг вэ?

-Сүүлийн үед манайхан долоон хүрдний лаа буюу энергийн лааг их өргөн хэрэглэдэг болсон. Зарим хүмүүс “Аура лаа” гэж ярьдаг. Энэ лаа нь долоон өөр өнгө гаргаж хийдэг. Өнгө, үнэр бүр нь өөр утгыг илэрхийлдэг. Эхний өнгө яваад, дараагийн өөр өнгө орж ирдэг учраас лааны голоо наахаас эхлээд маш нарийн ажиллагаа шаарддаг.

Мөн лаагаа урлахдаа тоос шороогүй, нам гүм цэвэр орчинд, сэтгэлзүйн хувьд тайван сайхан байх үедээ хийж урладаг. Энэ энергийн лаа нь хүний гэрлэн биеийг цэвэрлэн энергийн алдагдлыг нөхөж өгдөг учраас эдгээр бүтээлээ урлахдаа өөрийнхөө сэтгэлзүйг ч гэсэн тайван, гэрэлтсэн үедээ хийдэг дээ.

-Хамгийн сонирхолтой хэсэг нь хатсаны дараах чимэглэл, будалт байдаг байх?

-Мэдээж, лаагаа урлаж дууссаны дараа маргааш өглөө нь харахад, үнэхээр их сэтгэл хөдөлдөг. Ямар үзэсгэлэнтэй гоё юм бэ? гээд л боддог, өөрийгөө бас их урамшуулдаг. Тэгээд энэ гоё бүтээлээ ашиг олохоос илүүтэй өөрийнхөө хоббигоор урлаж хийдэг учраас хүний хэрэглээнд нийцсэн,  чамин тансаг, гоёмсог байх олон талыг нь бодож хийдэг. 

Зориулалтын гоёлын шигтээ, саа, амьд цэцгийн хатаамал зэрэгтэй хослуулж урладаг. Аливаа бүтээлд өнгө үзэмж маш чухал. Тэр тусмаа гоёл чимэглэл аксесуар урладаг хүний хувьд, харагдах байдалд нь маш их анхаардаг. Нэг ширхэг боолт, уут савлагаа байсан ч гоёмсог харагдаасай гэж хүсдэг. 

-Хүмүүс гэртээ ямар лааг илүүтэй сонирхож авдаг вэ?

-Хувь хүний хүсэл сонирхол янз бүр байдаг. Эмэгтэй хүмүүс гол төлөв ягаан өнгийн лаа их авна. Ягаан өнгийн лааны утга билэгдэл нь, хүүхдийг хар цагаан хэл амнаас хамгаалдаг гэдэг.

Мөн цэнхэр өнгийн лаа их авдаг. Энэ лаа нь ажлын бүтээмж сайжруулж, карьерт нөлөөлөх, албан тушаал дэвших, нийгэмд эзлэх байр суурийг сайжруулахад тусладаг гэж билэгддэг. Тийм болохоор хүмүүс ажил дээрээ, оффисын ширээн дээрээ лаа их асаадаг.

Зарим нь өөрийнхөө дуртай өнгийн лааг сонгоно. Арилжаа наймаа бизнес эрхэлдэг хүмүүс шар өнгийн лаа их авдаг гэх мэтчилэн хүмүүсийн сонголт янз бүр байдаг.

Зарим нь гэртээ сувинер маягаар гоёлын лаанууд худалдаж авдаг. Гоёмсог савлагаатай, чамин шилтэй лаа аваад, шилэн савыг нь бариад дахиад цэнэглэх маягаар захиалгаа өгөөд лаагаа хийлгэдэг хүмүүс бас байдаг. Миний хувьд давхар ажил хийдэг, өдөр нь завгүй байдаг учраас өөрийнхөө хоббинд, шөнө орой л цаг гаргаж урладаг.

Цөөхөн чанартай бүтээл урлах гэж хичээдэг болохоор нэг хийхдээ их олон тоогоор хийгээд байдаггүй. Ямартай ч цаашдаа илүү олон гоёмсог бүтээлийг зав гарган урлах болно гэж боддог. 

-Индра брэндийн бараа бүтээгдэхүүн, гоёл чимэглэл, аксессуар, ээмэг зүүлт, гоёлын лаа, зориулалтын үнэртүүлэгч зэргийг сонирхохыг хүсвэл та Баялаг Ундраа төвийн 2 давхарт, №222-аар лангуугаар зочлоорой. Мөн 99125482, 85153355 дугаарын утсаар холбогдож, сонирхсон бараагаа асууж лавлаж болно. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.6.25 БААСАН № 127 (6604)

Сэтгэгдэл: (6)
Таны IP: (54.144.55.253)
85153355
2021-06-27 Хариулах
Хөдөөнөөс Орон нутагт зарах салбар байдаг уу? Хаанаас олж авах вэ?
2021-06-26 Хариулах
Д.Мөнхцэцэг Сургалт явуулдаг уу. Ийм зүйл хийж сурмаар байна аа. Гоё санагдчихлаа
2021-06-26 Хариулах
Зочин Гоо сайхны мэдрэмж шаардсан ажил байна. Амжилт хүсье
2021-06-26 Хариулах
Иргэн Олноор нь албал бөөний үнээр өгдөг үү
2021-06-26 Хариулах
85153355
2021-06-26
Зочин Ямар гоё юм бэ?. Зорьж очиж авна аа. Ажилсаг бүсгүй байна, амжилт хүсье.
2021-06-26 Хариулах