Хонконгийн сонгуулийн хуульд оруулсан өөрчлөлт хэрэгжиж эхэлжээ

Бээжингийн санаачилгаар сонгуулийн хууль тогтоомжид оруулсан өөрчлөлт даваа гаргаас хэрэгжиж эхэллээ гэж Хонконгийн Засгийн газар мэдээлжээ.

Хонконгийн Хууль тогтоох зөвлөл буюу парламентаас тавдугаар сарын 27-ны өдөр баталсан холбогдох нэмэлт, өөрчлөлтийн тухай багц хуулийг тус хотын засаг захиргааны тэргүүн Кэрри Лам өнгөрсөн амралтын өдрүүдэд баталсан байна.

“Сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгосноор "Хонконгийн эх оронч засаглал" зарчим бүрэн биеллээ олно. Мөн хотыг зөв замд нь оруулж, "нэг улс-хоёр тогтолцоо" зарчим амжилттай хэрэгжихийн зэрэгцээ урт хугацааны хөгжил цэцэглэлтийг авчирч, тогтвортой байдлыг хангана" гэж Хонконгийн эрх баригчдын тайлбарт тэмдэглэжээ.

Хууль тогтоох зөвлөл энэхүү багц нэмэлт, өөрчлөлтийг дөрөвдүгээр сарын 14-ний өдрөөс хэлэлцэж эхэлсэн бөгөөд парламентын сонгуулийг товлосон хугацаанд нь явуулахын тулд түргэвчилсэн журмаар баталсан байна. Хонконгийн сонгогчдын коллеги есдүгээр сарын 19-нд хуралдах бол парламентын шинэ бүрэлдэхүүний сонгуулийг 12 дугаар сарын 19-нд товложээ.

Одооноос эхлэн эрх баригчид "хангалттай эх оронч биш" эсвэл үндэсний аюулгүй байдалд аюул учруулж байгаа хүмүүсийг сонгуульд оролцуулахгүй бөгөөд нэр дэвшигчдийг тусгай комисс шалгана. Мөн Хонконгийн парламентын гишүүдийн тоог одоогийн 70-аас 90 болгож нэмэгдүүлжээ. Сонгогчдын коллегийн 1200 гишүүнийг 1500 болгож өргөжүүлэх бөгөөд энэхүү байгууллага нь засаг захиргааны тэргүүнийг сонгох төдийгүй парламентад хамгийн олон буюу 40 мандатыг хуваарилах юм.

Хууль тогтоох байгууллагын 30 гишүүнийг салбарынх нь мэргэжлийн холбоодоос нэр дэвшүүлэх бол тойргуудад шууд санал хураалтаар сонгогдох гишүүдэд 20 суудал үлдэнэ.  

Энэ бүхэн нь сөрөг хүчний Ардчилсан намыг дэмжигчид хууль тогтоох байгууллагад сонгогдоход туйлын хэцүү болж байна гэсэн үг юм.

Эх сурвалж: ХОНКОНГ /СЯНГАН/. /TASS/

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)