“Монгол-Туркийн стратегийн харилцаа XXI зуунд” цахим хэлэлцүүлэг болов

Туркийн Анкара хотын Хажи Баярам Вэли их сургуулийн Ази судлалын тэнхим Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа ЭСЯ-ны дэмжлэгтэй “Монгол-Туркийн стратегийн харилцаа XXI зуунд” сэдэвт цахим хэлэлцүүлэг зохион байгуулав.

Хэлэлцүүлэгт “Монгол-Туркийн стратегийн түншлэлийн боломж” сэдвээр ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн Гуравдагч хөрш орон судлалын салбарын эрхлэгч, доктор Ч.Цэрэннадмид илтгэл хэлэлцүүллээ. Хэлэлцүүлэгт Стратеги судалгааны хүрээлэнгийн Эдийн засгийн судалгааны секторын эрхлэгч Ч.Цэцэгмаа "Монгол-Туркийн хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломж", Ойрх Дорнодын Технологийн их сургуулийн доктор, профессор Хусейн Багжи "Турк, Монголын харилцааны орчин үеийн асуудлууд”, Истанбул хотын Аядин их сургуулийн доктор, профессор Рагип Каража “Турк-Монголын харилцаан дахь олон улс, бүс нутгийн нөлөө” зэрэг сэдвээр турк, монгол судлаачдын нийт 6 илтгэлийг танилцуулав. 

Цахим хэлэлцүүлгийг хааж, Монгол Улсаас БНТУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, доктор Р.Болд хэлсэн үгэндээ “... судалгааны байгууллага хоорондын хамтын ажиллагааг цаашид улам өргөжин хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой хэлэлцүүлэг болсон”-ыг онцлон тэмдэглэж, судлаачдад амжилт хүсэв. 

ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэн нь сүүлийн жилүүдэд БНТУ-ын эрдэм шинжилгээний холбогдох байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд 2019 онд Монгол Улс, БНТУ-ын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Туркийн талтай хамтран амжилттай зохион байгуулсан юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.236.170.171)