ХААН Банк “Дулаан шийдэл” төсөлд хамтран ажиллана

ХААН Банк нийгмийн хариуцлага, тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд байгаль орчинд ээлтэй бизнесийг санхүүжүүлэн, иргэдийн ногоон хэрэглээг дэмжиж төр засгийн болон олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтран “ногоон” төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж ирсэн билээ.

Тэгвэл энэ удаа гэр хорооллын байшинг стандартын дагуу дулаалах замаар дулаан алдагдлыг бууруулан, эрчим хүчний хэмнэлт үүсгэх, агаарын бохирдлыг бууруулж, нүүрснээс ялгарах утааг 30 хувь бууруулах зорилго бүхий “Дулаан шийдэл” төслийг хамтран хэрэгжүүлэхээр “Жерес” олон улсын ТББ-тай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Тус төслийн хүрээнд ХААН Банк хамтран ажилласнаар байшингаа дулаалах хүсэлтэй гэр хорооллын айл өрхүүдэд 30 сарын хугацаатай, 8 хувийн  хүүтэй ногоон зээлийг санал болгох юм.

“Дулаан шийдэл” төсөл нь байшингаа дулаалах стандарт хангасан цогц шийдлийг иргэдэд санал болгохын тулд олон талын хамтын ажиллагааг ханган ажилладаг. Тухайлбал, дулаалгын ажлыг гүйцэтгэх мэргэжлийн бригадууд Барилгын үндэсний ассоциацаас зохион байгуулж буй сургалтад хамрагдан, технологийн дагуу дулаалга хийх аргачлалд суралцсаны дараа энэхүү ажлыг гүйцэтгэдэг. Харин “Монгол базальт” ХК, “Гэгээн өргөө” ХХК,  “Пирамид индастри” ХХК, “Росторг” ХХК, “Эко Вүүл” ХХК-ууд  чанарын шаардлага хангасан дулаалгын материалыг нийлүүлдэг бол дулаалгын ажил хийгдсэний дараа ШУТИС-ийн Барилгын эрчим хүч хэмнэлтийн төв дулаалгын ажил стандарт хангасан эсэхийг шалгадаг юм байна.

Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах үеэр ХААН Банкны Эрсдэл хариуцсан дэд захирал Д.Энхбаатар “ХААН Банк байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн, үйлчилгээг дэмжих хүрээнд тусгайлсан “Ногоон зээл”-ийн хөнгөлөлттэй бүтээгдэхүүнүүдийг зах зээлд гарган ард иргэдийнхээ эко хэрэглээг дэмжин, бизнесийн байгууллагуудын байгаль орчинд ээлтэй үйл ажиллагааг санхүүжүүлэн ажиллаж байна. Агаар, хөрсний бохирдлын асуудал бол яах аргагүй бидний ойрын хугацаанд хамтран шийдвэрлэх шаардлагатай тулгамдсан асуудал. Бид бүгд хамтран ажиллаж, харилцан ойлголцож хамтаар шийдвэрлэх асуудал.  “Жерес” олон улсын ТББ-ын “Дулаан шийдэл” төсөлтэй хөнгөлөлттэй нөхцөл бүхий ногоон зээлээр хамтран ажиллаж, агаар орчны бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулах болсондоо баяртай байна. Бидний хамтын ажиллагааны хүрээнд олон айл өрх дулаан тухтай байшинд халуун ам бүлээрээ жаргалтай, эрүүл амьдрах нөхцөл боломж бүрдэнэ гэж итгэж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.  

“Дулаан шийдэл” төслийн тухай

Европын холбоо, Абби пиер сан, Чехийн болон Францын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Дулаан шийдэл” төслийг Жерес ОУТББ, ШУТИС-ийн дэргэдэх Барилгын эрчим хүч хэмнэлтийн төв, Монголын Барилгын үндэсний ассоциаци, “Пипл ин нийд” ТББ хамтран хэрэгжүүлдэг.

Төсөл удирдан хэрэгжүүлэгч Жерес ОУТББ-ын тухай

Эрчим хүч, хөгжлийн чиглэлээр мэргэшсэн Францын ТББ бөгөөд Европ, Африк, Азийн орнуудад төсөл хэрэгжүүлж байсан, 40 гаруй жилийн туршлагатай, хамгийн эмзэг хүмүүсийн амьдрах нөхцөлийг сайжруулж, цаг уурын өөрчлөлтийн нөлөө, түүнд дасан зохицох үйл ажиллагаа явуулдаг.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)