Цар тахлын үед хамгийн аюулгүй орнуудын жагсаалтыг Сингапур тэргүүлж байна

Коронавирусний цар тахлын үед хамгийн аюулгүй улс орнуудын жагсаалтад Сингапур Шинэ Зеландын урд бичигдэж эхэллээ гэж “The New Zealand Herald” сонин “Bloomberg” агентлагийн судалгаанаас эш татан мэдээлжээ.

Тус сонинд мэдээлж буйгаар, Сингапур иргэдээ богино хугацаанд эрчимтэй дархлаажуулж, мөн дотооддоо коронавирусний халдварын тархалттай үр дүнтэй тэмцсэн нь энэ жагсаалтыг тэргүүлэх гол хүчин зүйл болсон байна.  

“Bloomberg” агентлагаас 2020 оны 11 дүгээр сард гаргасан дээрх жагсаалтыг Шинэ Зеланд тэргүүлсэн юм. Гэвч коронавирусээс сэргийлэх үндэсний дархлаажуулалтын аян эхэлсний дараа хүн амынхаа 20 орчим хувийг вакцинжуулсан Сингапурт эхний байраа алджээ. 

Уг жагсаалтыг гаргахдаа шинжээчид өвчлөл, нас баралтын үзүүлэлтүүд, шинжилгээ хийлгэсэн хүмүүсийн тоо, хүн амаа вакцинд хамруулсан байдал гэсэн шалгууруудаар улс орнуудын байдлыг үнэлсэн байна. Ингэхэд Сингапур 79.7 оноо, Шинэ Зеланд 79.6 оноо авчээ. Мөн Австрали (76.2 оноо), Израил (74.9 оноо) тэргүүлэгчдийн тоонд багтаж, гурав, дөрөвдүгээрт тус тус жагссан байна.

Энэхүү жагсаалтад ОХУ (60.9 оноо) 22-р байранд бичигдэж, Португал, Испани (тус тус 59.7 оноо), мөн Ирланд (57.7), Герман (54.9 оноо), Австри (54.2 оноо) улсуудыг гүйцэж түрүүлжээ. Аргентин (41.4 оноо), Польш (40.6 оноо) Бразил (39.1 оноо) улсууд жагсаалтын сүүлийг мушгисан байна. Жагсаалтад дэлхийн 53 улс багтжээ.

Эх сурвалж: ВЕЛЛИНГТОН. /TASS/

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)