ОУПХ-ны Энхтайван, олон улсын аюулгүй байдлын байнгын хороо цахимаар хуралдлаа

ОУПХ (Олон улсын парламентын холбоо)-ны ээлжит 142 дугаар Ассамблей ирэх сард чуулна. Чуулганы цуврал бэлтгэл ажлын хүрээнд ОУПХ-ны Энхтайван, олон улсын аюулгүй байдлын байнгын хороо энэ сарын 26-нд цахимаар хуралдлаа.

Байнгын хорооны цахим хуралдааныг Швейцарын Женев хотноо байрладаг ОУПХ-ны төв байрнаас удирдан явуулсан бөгөөд Улаанбаатарын цагаар 20.00 цагт эхэлсэн. Тус хуралд Монголын парламентын төлөөлөгчөөр УИХ-ын гишүүн Б.Саранчимэг оролцлоо. Б.Саранчимэг 2018-2020 оны хооронд ОУПХ-ны Ардчилал, Хүний эрхийн байнгын хорооны Удирдах товчооны гишүүнээр ажилласан юм.

Дэлхийн 50 гаруй орны парламентын болон Олон улсын бусад байгууллагын төлөөлөгчид оролцсон тус хуралдааныг НҮБ-ын Энхтайвныг бэхжүүлэх бүтцийн нэгжийн Орлогч нарийн бичгийн дарга Оскар Фернандез Таранко нээв. Тэрбээр, “Цар тахлын хямралыг аль болох богино хугацаанд даван туулах, сэргээн босгох ажиллагаа маш чухал. Даян дэлхийд энхтайвныг тогтоох, сахин хамгаалах, бэхжүүлэх үйл хэрэг энэ үйл ажиллагааны салшгүй нэг хэсэг байх болно" хэмээн тэмдэглэв.

Байнгын хорооны хуралдаанаар 2019 онд ОУПХ-ны ээлжит 141 дүгээр Ассамблейн үеэр хуралдсан тус хорооны хуралдааны тэмдэглэлийг баталж, ээлжит 142 дугаар Ассамблейн үндсэн сэдвээр хэлэлцүүлэг явуулав. 142 дугаар Ассамблейн үндсэн сэдэв нь “Цар тахлыг өнөөдөр даван туулж,  маргаашийг илүү сайн сайхан цогцлоох нь: Парламентуудын үүрэг” гэсэн сэдэв байх бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцогчид энэ сэдвээр мэтгэлцээн өрнүүлэв.

ОУПХ-ны ээлжит 142 дугаар Ассамблейн өмнөх бэлтгэл ажлын хүрээнд бусад байнгын хороо ирэх сарын 12 хүртэл төлөвлөсөн сэдвийн дагуу хуралдах ба Монголын парламентын төлөөлөгчид тухай бүр оролцоно. Тухайлбал, Тогтвортой хөгжил болон НҮБ-ын асуудлаарх байнгын хороод хамтарсан хуралдаанаа ерөнхий сэдвээр зохион байгуулах бол Залуу парламентчдын долдугаар олон улсын хурал “КОВИД 19” цар тахлын дараах сэргээн босголт: Залуучуудад чиглэсэн хандлага” сэдвээр болно. НҮБ-ын асуудлаарх байнгын хороо  НҮБ-ын 75 жилийн ойн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, Эмэгтэй парламентчдын форум “Хүйсийн эрх тэгш байдлыг урагшлуулах: “Ковид 19” цар тахлын үр нөлөө болон сэргээн босголтын тэргүүлэх чиглэлүүд”, “Парламентуудаар дамжуулан тэгш байдлыг хангах нь” сэдвээр тус тус хуралдах юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)