АНУ цагаачлалын асуудлыг зохицуулахын тулд үзүүлэх тусламжаа нэмэгдүүлнэ

 АНУ цагаачлалын асуудлыг аюулгүй, хүмүүнлэг замаар зохицуулахын тулд холбогдох бүс нутагт үзүүлэх тусламжаа нэмэгдүүлэхийг эрмэлзэж байна гэж АНУ-ын дэд Ерөнхийлөгч Камала Харрис мэдэгджээ.

АНУ-ын Мексиктэй залгаа хил дээр үүсээд буй нөхцөл байдлыг зохицуулах үүрэг хүлээсэн К.Харрис Гватемалын Ерөнхийлөгч Алехандро Жамматтеитэй даваа гарагт цахимаар уулзсаныхаа дараа ийнхүү хэлсэн байна.

Цагаачлалын асуудлаар Ерөнхийлөгч асан Дональд Трампын хатуу бодлогын эсрэг байр суурийг баримталж буй Ерөнхийлөгч Жо Байден Төв Америкийн Умардын гурвалжин гэгддэг Хондурас, Эль Сальвадор, Гватемалаас ирэх цагаачдын урсгалыг зохицуулах үүргийг К.Харрист хүлээлгэсэн юм.

Цахим уулзалтын үеэр К.Харрис, “Бид Гватемалын ард иргэдэд эх орондоо амьдрахад боломж бололцоо бий гэсэн итгэл найдварыг төрүүлэхийн тулд та бүхэнтэй хамтран ажиллах хүсэлтэй байна” гэж А.Жамматтеид хэлжээ. Мөн ирэх зургаадугаар сард тус бүс нутагт айлчилна гэдгээ мэдэгдсэн байна.

К.Харрисын хэлсэн үгний хариуд Ерөнхийлөгч А.Жамматтеи, Гватемал дэд Ерөнхийлөгчийн айлчлалыг тэсэн ядан хүлээж буйг онцлоод, түүнээс өмнө олон асуудлаар тохиролцоонд хүрэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. 
Талууд сүүлийн сар хүрэхгүйн хугацаанд хоёр дахь удаагаа хэлэлцээ хийж буй нь энэ бөгөөд АНУ-ын дэд Ерөнхийлөгч Хондурас, Эль Сальвадорын удирдагчидтай хараахан яриа хэлэлцээ өрнүүлээгүй байгаа юм.  

Эх сурвалж: ВАШИНГТОН. /Reuters/

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)