Б.Ууганбаяр: Вакцины нөөц дуусна гэж санаа зовох шаардлагагүй

Манай улсад коронавирусний эсрэг вакцины 42 231 эхний тун буюу 2-3 хоногийн нөөц байгаа тухай ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв. 

Гэхдээ вакцины нөөц дуусна гэж санаа зовох шаардлагагүй гэдгийг ЭМЯ-ны хэвлэл, мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр мэдээллийн үеэр тодотгов. Тэрбээр, "КОВАКС хөтөлбөрийн хүрээнд энэ долоо хоногийн сүүл, ирэх долоо хоногийн эхээр Файзер вакцин ирнэ. Мөн ОХУ-аас Спутник-5 вакцины нэг сая тун худалдан авах яриа, хэлцлийг Засгийн газар, Сангийн яам, ГХЯ, ЭМЯ-наас хийж байгаа. Засгийн газар насанд хүрсэн хүн амаа бүрэн вакцинжуулах ажлыг 7 дугаар сар гэхэд дуусгана. Ингэхдээ, найман үе шат бүхий төлөвлөгөөний дагуу явж байгаа. Вакцины давтан тунг хийх үеэр одоогийнх шиг өдөрт 15 мянгаар биш, түүнээс олон хүнийг дархлаажуулахаар бэлтгэлээ хангаж байна" хэмээв. 

Манай улс дархлаажуулалтад БНЭУ-ын 75 мянга, БНСУ-ын 7200 тун Астразенека, БНХАУ-ын Синофарм вакцины 107 769 хүн тунг ашиглаад байна. Өнөөдрийн байдлаар, дархлаажуулах нэг цэгт дунджаар 980 орчим вакцин байна. ХӨСҮТ-д Синофарм 150 мянга, БНСУ-ын Астразенека 7200, БНЭУ-ын Астразенека 75 мянга, нийт 232 200 давтан тун байна. "Синофарм" вакцины давтан тунг ирэх сарын 15-наас, Астразенека вакцины давтан тунг ирэх саын 23-наас хийж эхэлнэ.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)