"Энхсаран"-д халдвар тархсантай холбогдуулан 13 хүнийг яллагдагчаар татав
"Энхсаран" сувилалд халдварт өвчин тархсантай холбогдуулан хууль, тогтоомж зөрчсөн 13 иргэнийг гэм буруутайд тооцож яллагдагчаар татах саналаа прокурорын байгууллагад хүргүүлсэн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээллээ.
ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр тэрбээр, "Энхсаран" сувилалд хууль, тогтоомж зөрчиж, халдвар тархсан гэх асуудлаар УОК-оос шалгуулах хүсэлтээ цагдаагийн байгууллагад ирүүлсний дагуу Мөрдөн байцаах албанд ажлын баг байгуулан ажиллаж байна. Тус ажлын багаас 13 хүнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналаа прокурорт хүргүүлсэн. Тодруулбал, БНЭУ, БНСУ, ОХУ-аас ирсэн иргэн, тээврийн жолооч нарыг нэг байранд ажиллуулж, Эрүүл мэндийн сайдын баталсан тушаал, журмыг зөрчсөн байж болзошгүй үндэслэлээр, тухайн үеийн ЭМЯ-ны удирдлага, УОК-ын удирдлага, онцгой байдлын алба хаагч, Энхсаран сувиллын удирдлага, эмч зэрэг нийт зургаан албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэсэн. Мөн тусгаарлах өрөөнөөс дураараа гарч хэссэн, амны хаалт зүүгээгүй зэрэг дэглэм зөрчсөн таван иргэнийг Эрүүгийн хуулийн 15.6.1 буюу "бусдын амь насанд аюул учруулж болзошгүй халдварт өвчин тараасан" гэх үндэслэлээр яллагдагчаар татсан. Түүнчлэн, тухайн үед тусгаарлалтад байсан иргэдийг өдөөн турхирч, эмх замбараагүй байдал үүсгэсэн хоёр иргэнд мөн Эрүүгийн хуулийн 15.6.1-т зааснаар яллагдагчаар татах саналаа прокурорт хүргүүлсэн" гэлээ.