Нийтийн тээврийн хэрэгсэлд “ЕВРО-5” стандартыг нэвтрүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ

Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд замын хөдөлгөөнд оролцож буй  нийтийн тээврийн хэрэгсэлд “Евро-5” ангиллын бензин, дизель түлш хэрэглүүлэх үйл ажиллагааг зохион байгуулна.
Авто тээврийн хэрэгслээс ялгарах бохирдлыг бууруулах,  нийслэлийн агаарын чанарын хяналтын сүлжээг өргөтгөх асуудлаар Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Алтанзул, Нийслэлийн Засаг даргын  орлогч З.Төмөртөмөө, Улаанбаатар цэвэр агаар нэмэлт санхүүжилтийн төсөл, УУХҮЯ, Автотээврийн үндэсний төв, Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газрын холбогдох мэргэжлийн төлөөлөлтэй уулзахдаа ийнхүү онцолсон байна.

 

Тус уулзалтаар нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд “Евро-5” ангиллын бензин, дизель түлш худалдан борлуулах эрхзүйн орчныг бүрдүүлэх, холбогдох тооцоо судалгааг гаргах, “Евро-5” ангиллын  бензин,  дизель түлшийг нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд буй шатахуун түгээгүүрийн газруудад нэвтрүүлэх асуудлаар  ярилцаж хамтарсан Ажлын хэсэг байгуулахаар болжээ.

Өнөөдрийн байдлаар 1.3 сая тээврийн хэрэгсэл байгаагийн 60 гаруй хувь нь 10-аас дээш жилийн насжилттай байна. Үүний 20 орчим хувь болох хуучин тээврийн хэрэгслийн яндангаас гарч байгаа утаа агаарын бохирдолд сөргөөр нөлөөлсөөр байгаа юм.

Ташрамд дуулгахад, Эрдэмтдийн хийсэн судалгаагаар агаар бохирдуулагч нүүрстөрөгчийн ислийн дөнгөж 10 орчим хувийг суурин эх үүсвэр /гэр хороолол, уурын зуух/, харин 90 гаруй хувийг хөдөлгөөнт эх үүсвэр /автомашин/ гаргадаг. Түүнчлэн агаар дахь нүүрс - устөрөгч, азотын ислийн 50 хувь автомашинаас үүдэлтэй. Автомашины утаагаар ялгарах хорт бодис нь хүний амьсгалах түвшинд /20-30 см-т/ хаягддаг учраас хамгийн хор хөнөөлтэй байдаг юм байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)