“Moderna” вакцинаа бага насны хүүхдүүдэд туршиж эхэлжээ

АНУ-ын “Moderna” компани “COVID-19”-ийн вакцинаа зургаан сартайгаас 11 насны хүүхдүүдэд туршиж эхэлжээ.

Ийнхүү “Moderna” нярай хүүхдүүдэд вакцинаа туршиж буй Америкийн анхны компани болж байна. Тус компани АНУ, Канадад 6750 хүүхдийг туршилтдаа хамруулахаар төлөвлөж байгаа ажээ.

Цар тахлаас ангижрахад шаардлагатай сүргийн дархлааг тогтооход хүүхдүүдийг дархлаажуулах нь ихээхэн ач холбогдолтой юм.

Хэдийгээр хүүхдүүдийн хүндээр өвчлөх эрсдэлийг насанд хүрэгчдийнхтэй харьцуулахад бага байгаа хэдий ч тэдний дунд, ялангуяа өсвөр насны хүүхдүүдийн дунд халдвар тархах эрсдэл байсаар байна.

“Хүүхдүүдийн дунд явуулах энэхүү судалгаа нь “COVID-19”-ийн вакцинаа залуу хүн амд хэрхэн үйлчлэхийг үнэлэхэд хувь нэмэр оруулах юм” гэж “Moderna” компанийн гүйцэтгэх захирал Стефан Бансель мэдэгджээ.

“Moderna”, “Pfizer” компанийн аль аль нь өнгөрсөн оноос “COVID-19”-ийн вакцинаа 12-оос дээш насны хүүхдүүдэд туршиж эхэлсэн бөгөөд эдгээр туршилтын үр дүн хараахан гараагүй байгаа юм.

“AstraZeneca” компанийн хувьд хүүхдүүдийг хамруулсан эхний туршилтаа өнгөрсөн сараас эхлүүлжээ. Харин “Johnson & Johnson” компани нярай, бага насны хүүхдүүдэд вакцинаа туршина гэдгээ мэдэгдсэн боловч одоогоор тодорхой хугацааны талаар мэдээлээгүй байна. 

Эх сурвалж: ВАШИНГТОН. /BBC/

Сэтгэгдэл:
Таны IP: (54.82.44.149)