Их Британи ЕХ, АНУ-тай нэгэн зэрэг ойрын холбоотон байх боломжгүй гэв

Их Британи Европын Холбоотой /ЕХ/ болон АНУ-тай нэгэн зэрэг ойрын холбоотон байх боломжгүй. Иймд ЕХ-ны бүрэлдэхүүнээс гарсныхаа дараа Их Британийн Засгийн газар гадаад бодлогын чиг шугамаа нарийн тодорхойлох ёстой гэж үзэж буйгаа Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон сэтгүүлчдэд мэдэгджээ.

“Их Британи ямар чиг шугамыг хүсэж байна вэ? АНУ-ын шилдэг холбоотон байхын зэрэгцээ ЕХ-ны хамгийн сайн холбоотон байх боломжгүй. Үүнийг заавал тодорхойлох ёстой. Их Британи Атлант дамнасан бодлогод бүрэн шилжихээр шийдвэл үүнийгээ тодорхой мэдэгдэх хэрэгтэй. Ингэсэн тохиолдолд ЕХ-ноос хамтын ажиллагаа, зах зээлийн дүрэм журмынхаа дагуу салж байна гэсэн үг юм” хэмээн тэрбээр цохон тэмдэглэв.

Үүний зэрэгцээ тэрбээр Их Британитай тайван сайхан харилцаатай байхыг хүсэж буйгаа онцолжээ. "Би нийтлэг зорилго, нийтлэг тавиланг дэмжиж байна. Энэ асуудал дээр Их Британичүүд ч мөн тэгж боддог учир тус улсын Ерөнхий сайд Борис Жонсон надтай санал нэгдэнэ гэж найдаж байна. Бид холбоотон хэвээр. Түүх, газар зүй өөрчлөгдөөгүй учир Англичууд биднээс өөр хувь тавилантай гэж би бодохгүй байна” гэж Э.Макрон мөн ярьсан байна. 

Эх сурвалж:ЛОНДОН. /TASS/

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)