Б.Энхбаяр: Шүүгчид Дээд шүүхэд өөрт оноосон сахилгын шийтгэлийн асуудлаар гомдол гаргахгүй

УИХ-ын өнөөдрийн /2021.01.08/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Улсын Дээд шүүхэд маш тодорхой үндэслэлээр л гомдол гаргадаг болно. Түүнээс надад шийтгэл оноох, ороохгүй байсан, шийтгэл нь их бага гэдэг утгаар шүүгчид гомдол гаргахгүй. Тухайн шүүгчид оноосон Ёс зүйн хорооны сахилгын шийтгэл эцсийнх байх хууль зүйн орчныг бүрдүүлж байгаа юм" хэмээн байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил "Ажлын хэсгийн анхлагч Б.Энхбаяр тайлбарлачихлаа. Сахилгын хорооны шийтгэлийг Улсын Дээд шүүх агуулгаар нь хянахгүй, процессын хувьд алдаа гаргасан эсэхийг л хянах юм. Тиймээс энэ саналыг дэмжиж өгөхийг хүсэж байна" гэв. 

Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:

  • “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.03.26-ны өдөр өргөн  мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Биеийн тамир, спортын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун нарын 2 гишүүн 2019.05.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Бүх шатны боловсролын байгууллагын чанар, хүртээмж, сургууль, цэцэрлэгт хамрагдалтын байдал, хичээл, сургалтыг цахим хэлбэрт шилжүүлж байгаа арга хэмжээний талаар.
Сэтгэгдэл:
Таны IP: (54.144.233.198)