Мутацад орсон вирус нь дундаас хүнд хэлбэрээр өвчлүүлж байна

Эрүүл мэндийн яам коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ (2021.01.06). Энэ үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 41 батлагдсан тохиолдол бүртгэгдэж нийт тохиолдол 1349 боллоо. Гашуун Сухайт боомтод уртын тээврийн 490 жолоочид шинжилгээ хийхэд бүгд эсрэг гарчээ.

Дэлхий нийтэд Их Британиас гаралтай коронавирусний мутацад орсон шинэ хувилбар Ази, Европ, Африкийн 43 улс оронд тархаад байна. Африкийн орнуудад тархсан вирусний хувилбар нь Британи омгоос өөр гэдэг нь тогтоогджээ. Мутацад орсон вирус нь дундаас хүнд хэлбэрээр өвчлүүлэх, ялангуяа хүүхэд, залуучуудын дунд тархалт өндөр байна.

Зул сарын баяр болсонтой холбогдуулан халдварын тархалт нэмэгджээ. АНУ-ын Калифорни мужид эмнэлгүүдийн ачаалал хэт нэмэгдсэн тул найдваргүй өвчтөнүүдийг хүлээн авахгүй гэж мэдэгдсэн байна.

БНХАУ-ын Ухань хотод үл мэдэгдэх халдварт өвчин гарч буй тухай анхны мэдээлэл гарснаас хойших нэг жилийн хугацаанд Монгол Улсын Эрүүл мэндийн яам нийт 406 мэдээлэл хийжээ.  

Бидний өмнө хүнд цаг үе байна. Хүн амын дунд алаг цоог дэгдэлт гарч байна. Хүн бүр эрсдэл буйг ухамсарлаж, хөл хорионы дэглэмийг хатуу чанд сахиж байхыг уриалж байна. Амны хаалт зүүх, гараа тогтмол угаах, хүн хоорондын зай барих дүрмийг баримтлах нь туйлын чухал байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)