2021 онд “BIG-4” шинэ хамтлагууд гаргана

Кпоп сонсох дуртай уншигчдадаа зориулан өнгөрсөн долоо хоногт Кпопын эргэн тойронд болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

2021 ОНД “BIG-4” ШИНЭ ХАМТЛАГ ГАРГАНА

Кпоп сонсогчдын хувьд 2021 он завгүй жил болох нь ээ. Учир нь Allkpop сайтын мэдээлснээр энэ жил хамгийн багадаа 10 гаруй шинэ хамтлаг төрөн гарах төлөвтэй байгаа гэнэ.

Мөн EDAILY сайтаас мэдээлж буйгаар YG, SM, JYP, Big Hit энтертайнментууд тус бүр шинэ хамтлаг байгуулах аж. Тухайлбал, SM Энтертайнментаас шинэ хөвгүүдийн хамтлаг байгуулах ба JYP БНСУ болон БНХАУ-д үйл ажиллагаа явуулах хөвгүүдийн хамтлаг гаргаж ирэх юм байна.

Мөн YG энтертайнментаас “хоёр дахь 2ne1” хамтлагийн уран бүтээлийг гаргахаар төлөвлөжээ. Харин Big Hit энтертайнментаас Японы хөгжмийн зах зээлд шинэ хөвгүүдийн хамтлаг гаргана гэдгээ мэдэгдсэн юм.

ROSE LISA НАР СОЛО УРАН БҮТЭЭЛ ГАРГАНА

BLACKPINK хамтлагийн шүтэн бишрэгчдийн дунд хүлээлт үүсгээд байсан Rose, Lisa нарын бие даасан уран бүтээлийн тухай YG энтертайнментаас мэдэгдэл хийлээ.

Арванхоёрдугаар сарын 30-ны өдөр БНСУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр BLACKPINK хамтлагийн гишүүн Rose энэ нэгдүгээр сард бие даасан уран бүтээл гаргана хэмээн мэдээлсэн юм. Харин YG энтертайнментаас дараах хариултыг өгчээ. Тэдний зүгээс:

- “Rose болон Lisa нар өөрсдийн соло уран бүтээлийг гаргахаар ажиллаж байгаа. Клипнийхээ зураг авалтыг хийхээр төлөвлөж байгаа нь үнэн. Jisoo-гийн хувьд “Snow Drop” олон ангит киноныхоо зураг авалтыг хийхээр төлөвлөсөн учраас Lisa, Rose нар өөрсдийн дуугаа гаргахаар болсон. Бүх зүйл тодорхой болсны дараа албан ёсны мэдэгдэл хийж илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно” гэжээ.

SM ЭНТЕРТАЙНМЕНТИЙН ТОГЛОЛТ ОЛОН НИЙТЭЭС ӨНДӨР ҮНЭЛГЭЭ АВЧЭЭ

SM энтертайнмент 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр “Culture Humanity” хэмээх онлайн тоглолт зохион байгуулжээ.

Энэ тоглолтод SM энтертайнментийн уран бүтээлчид оролцсон бөгөөд үнэ төлбөргүй байснаараа онцлог аж. Тус энтертайнметийн үүсгэн байгуулагч Lee Soo Man:

- “Дуу хөгжимд хана гэж байдаггүй. Бид төрөлх хэлээрээ бус хөгжмийн хэлээр ойлголцож, бие биенээ тайвшруулж, эмчилж чадна. SM энтертайнментийн зүгээс хөгжмийн ийм чанарыг таниулахыг хичээдэг” хэмээжээ.

“Culture Humanity” тоглолтыг 186 орны 35.83 сая хүн үзэж БНСУ-ын онлайн тоглолтын түүхэнд шинэ дээд амжилт тогтоосон байна.

Хэдийгээр энэхүү тоглолт нь үнэ төлбөргүй боловч чанартай үзүүлбэр, маш их хичээл зүтгэл, хөдөлмөрийг шингээсэн үнэ цэнтэй тоглолт болж өндөрлөсөн байна. Тус тоглолтыг үзсэн хүмүүс “Би ийм тоглолт үзсэнийхээ төлөө мөнгө төлж чадна”, “Баярлалаа SM”, “Ийм хэцүү цаг үед гайхалтай тоглолтыг үнэ төлбөргүй хийсэнд баярлалаа”, “Энэ тоглолт төлбөртэй байсан ч би үзэх байсан”, “Мөнгө төлсөн ч харамсахааргүй тоглолт” гэх мэт эерэг сэтгэгдэл бичжээ.

YUNA FNC ЭНТЕРТАЙНМЕНТИЙГ ОРХИЛОО

AOA хамтлагийн гишүүн Yuna FNC энтертайнметтай хийсэн гэрээгээ дуусгавар болгожээ. FNC энтертайнментийн зүгээс дараах мэдэгдлийг хийсэн байна. Үүнд:

- “Бид уран бүтээлч Seo Yuna-тай хийсэн онцгой гэрээгээ дуусгавар болгосон тухайгаа мэдэгдэж байна. Манай компаниас уран бүтээлчтэйгээ урт удаан хугацаанд ярилцсаны эцэст ийм шийдвэрт хүрсэн болно.

Бидний зүгээс найман жилийн турш манай компанийн уран бүтээлчээр ажилласан Seo Yuna-даа чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. Та бүхэн цаашид Seo Yuna-гийн шинэхэн эхлэлийг халуун дулаан сэтгэлээр дэмжиж өгөөрэй. Баярлалаа” гэжээ.

GUGUDAN ХАМТЛАГ ТАРСАН ГЭДГЭЭ МЭДЭГДЖЭЭ

Он гарахын өмнөхөн буюу арванхоёрдугаар сарын 30-ны өдөр Jellyfish Энтертайнментаас Gugudan хамтлаг тарсан гэдгийг мэдэгдсэн байна.

- “Сайн байцгаана уу, Jellyfish Энтертайнментаас мэндчилж байна.

Юун түрүүнд, Gugudan хамтлагийг бүх цаг үед дэмжиж, хайрлаж байсан шүтэн бишрэгчдэд нь баярлалаа. Ийнхүү бид та бүхэнд Gugudan хамтлагийн цаашдын үйл ажиллагааны талаар албан ёсны мэдэгдэл хүргэж байна.

2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөс эхлэн олон жил шүтэн бишрэгчдийнхээ хайр хүндэтгэлийг авч, идэвхтэй үйл ажиллагаа явуулсан Gugudan хамтлагийн албан ёсны үйл ажиллагаа зогсох болсныг мэдэгдье. Бид энэ шийдвэрийг Gugudan хамтлагийн гишүүдтэй удаан хугацаанд ярилцсаны эцэст гаргасан болно.

Хэдийгээр Gugudan хамтлагийн үйл ажиллагаа дуусаж байгаа ч гишүүн бүрийн бие даасан уран бүтээл, карьерийг чадах чинээгээрээ дэмжин ажиллах болно.

Gugudan хамтлагийг хайрлаж, дэмжиж байсан та бүхэнд дахин талархал илэрхийлье. Мөн ийм мэдээ дуулгасандаа уучлалт хүсье” хэмээжээ.

Gugudan хамтлаг 2016 оны зургадугаар сарын 28-ны өдөр анхны уран бүтээлээ гаргаж байжээ.

Эх сурвалж: Allkpop, Soompi

Сэтгэгдэл:
Таны IP: (35.153.170.189)