Хархорум хотын 800 жилийн тэртээх өнгө төрхийг виртуал технологийн шийдлээр бүтээлээ

 

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Орчин үеийн технологийн дэвшлийг ашиглан МУИС-ийн багш, оюутнууд Хархорум хотыг виртуал орчинд байгууллаа.  

 

Энэхүү бүтээлийг үндэсний өв, түүх, соёлыг түгээн дэлгэрүүлэх, үр хойчдоо үлдээх зорилгоор археологийн олдвор, түүхэн баримтад үндэслэсэн гэдгийг эрдэмтэн судлаачид онцолж байна.

Уг төслийг санаачлагч, МУИС-ийн доктор, профессор А.Энхбаяр хэлэхдээ, “Залуучууд Хархорум хотыг Эрдэнэзуу хийдээр төсөөлдөг. Гэтэл 800 жилийн өмнө манай эзэнт гүрний нийслэл, тухайн үеийн хөгжил, ахуй ямар байсан тухай үзүүлэхээр виртуал орчинд Хархорум хотыг бүтээсэн. Шинэ технологийн тусламжтай та бүхэн урд өмнө нь очиж байгаагүй газар очиж үзэх, цаг хугацааны аялал хийж өвөг дээдсийнхээ түүх өв соёлтой танилцах боломжтой. Мөн манай орныг сонирхдог гадаадын жуулчид болон дунд сургуулийн сурагчид, Монголын түүхээ судалж буй оюутан залуус түүхэн хичээлийнхээ нэгэн хэсгийг шинжлэх ухаан, технологи ашиглан виртуал аялал хийн тухайн үеийн ахуй амьдралтай танилцах боломж олгож байна” гэв.

1220 онд Эзэн Богд Чингис хаан Гурван голын бэлчирт байсан Монголын нийслэлийг нүүлгэн Орхон голын хөвөөнд авчрах зарлиг буулгажээ. Түүнээс хойш Өгөдэй хаан дэлхийн өнцөг булан бүрээс  сор болсон уран дархчуудыг цуглуулан Хархорум хотыг бүтээсэн түүхтэй.

Монголчуудыг дэлхийд нүүдэлчин соёл иргэншилтэй байсныг маш тод мэдэх бөгөөд суурьшмал  соёл иргэншил бүтээж байсан түүхэн баримт ховор байдаг. Харин Хархорум хот бол монголчууд суурьшмал соёл иргэншил бүтээж байсны түүхэн хамгийн том баримт юм. Энэхүү хотоос Их хааны зарлигийг өвөртөлсөн элч нар дөрвөн зүг, найман зовхист өртөө улаа дамжин довтолгож дэлхийн хэргийг шийддэг байсан тул дэлхийн нийслэл гэж нэрлэж байжээ.

XIII зууны үед Хархорум хот Ази,  Европ, Араб дахины аянчин, жуулчин, албаны түшмэл, ихэс дээдэс, эрдэмтэн мэргэдийг даллан дуудсан дэлхийн соёл иргэншлийг холбогч хот байсан гэж түүхэнд тэмдэглэжээ. Мөн Хархорум хотод буддын 12 хийд, лал мөргөлтний 2 сүм, хотын захад загалмайтны нестори урсгалын нэгэн дуган оршиж байсан хэмээн тэмдэглэсэн байдаг.

Энэхүү виртуал бүтээлээр Хархорум хотын 1254 оны аж амьдралыг харуулахыг зорьжээ. Хийсвэр ертөнц гэхээсээ бодит мэдрэмжийг өгөхийг зорьсон гэж уран бүтээлчид хэлж байна. Мөн цар тахлын энэ үед дэлхий дахинд түүх соёлоо түгээн дэлгэрүүлэх боломж бүрджээ.

Түүхэн бүтээл хийхийн тулд эрдэмтэн судлаач, графикч гэхчлэн 20 гаруй хүнтэй баг хоёр жилийн хугацаанд ажилласан байна.

Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хот байгуулагдсаны түүхт 800 жилийн ойг тохиолдуулан бүтээсэн “Виртуал Хархорум хот” өнөөдөр 19.00 цагт нээлтээ хийнэ. YouTube сувгаар үнэ төлбөргүй хүлээн авч, түүхэн цаг хугацаа руу аялж, 800 жилийн тэртээх түүх, соёлтой танилцан бодит мэдрэмж авах боломжтой.

Уг төслийн баг цаашид Монголын анхны төрт улс Хүннү гүрний нийслэл Луут хот, Уйгарын хар балгас,  Хувьсгалын өмнөх Нийслэл Хүрээ, 1960, 1970 оны нийслэл  хотыг виртуал орчинд бүтээхээр  төлөвлөжээ.


 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (34.205.2.207)