Чехийн Ерөнхий сайд вакцин хийлгэсэн эхний хүн болжээ

 Чех улсад коронавирусний халдвараас сэргийлэх дархлаажуулалт ням гарагт эхэлж, коронавирусний вакцин хийлгэсэн эхний хүн нь тус улсын Ерөнхий сайд Андрей Бабиш болжээ.

Тэрбээр Прага хотын Цэргийн төв эмнэлэгт вакцин хийлгэснийг Чехийн телевизээр шууд дамжуулсан байна. Ерөнхий сайдтай нэгэн зэрэг тус улсын Эрүүл мэндийн сайд Ян Блатны “КОВИД-19”-ийн вакцин хийлгэжээ. Гэхдээ тэрбээр Чехийн зүүн өмнөд хэсэгт орших Брно хотын эмнэлэгт хийлгэсэн байна. Чухам энэ эмнэлэгт “Pfizer”, “Biontech” компаниудын хамтран бүтээсэн коронавирусний вакцины эхний багцыг урд өдөр нь авчирчээ. 9750 тун бүхий эхний багцыг Прага болон Брно хотын дөрвөн эмнэлэгт хуваарилсан байна. 

Чехийн Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр, 12 дугаар сарын сүүлч, 2021 оны нэгдүгээр сард коронавирусний халдвартай хүмүүсийг эмчилж буй эмч нар, түүнчлэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй өндөр настай өвчтөнүүд болон асрамжийн газруудын ахмад настнуудад, гал сөнөөгчид, цэргийн албан хаагчид, атомын цахилгаан станцын ажилчдад вакцин хийнэ. Хоёрдугаар сараас хүн амыг олноор нь үнэгүй, сайн дурын үндсэн дээр вакцинжуулах бөгөөд эхний ээлжинд ахмад настнуудыг хамруулахаар болжээ. 

Эх сурвалж: ПРАГА. /RIA Novosti/

Сэтгэгдэл:
Таны IP: (54.243.2.41)