Ихэнх нутгаар цасан шуурга шуурч, хүйтний эрч эрс чангарахыг анхааруулав

Өнөөдөр ихэнх нутгаар, маргааш нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч эрс чангарахыг Ус цаг уур, орчны шинжилгээний газар онцгойлон анхаарууллаа.  

2020 оны 12 дугаар сарын 28-наас 2021 оны 1 дүгээр сарын 1-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна.

Энэ сарын 28-нд нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна, 29-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, 31-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Салхи 28-нд нутгийн өмнөд хэсгээр, 29-нд Алтайн уулархаг нутгаар, 30-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 45-50 градус, өдөртөө 35-40 градус, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 28-33 градус цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 23-28 градус хүйтэн байна. 30, 31-нд өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)