МУБИС-иас мэдэгдэл гаргаж, оюутнууддаа АНХААРУУЛГА хүргэлээ

Олон улсын ачаа тээврийн жолоочоос коронавирусын халдвар илэрсэнтэй холбогдуулан тус  халдвартай жолоочтой ойр байсан 24 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлаад байгаа билээ. Шинжилгээний хариуг эхнээсээ гарч, дахин хоёр хүнээс буюу түүний хадам ээж, дүү хоёроос нь вирусын халдвар илрээд байгаа юм. 

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан МУБИС-иас мэдэгдэл гаргаад байна. Учир нь жолоочийн дүү болох оюутан МУБИС-д сурдаг бөгөөд тус сургуулийн Математик, байгалийн ухааны сургууль (МБУС)-иас оюутнууддаа хандан МЭДЭГДЭЛ гаргаад байна. 

"Цайны газар, номын сангаар үйлчлүүлсэн оюутнууд өөрийгөө сайн ажиглаарай" гэжээ

"Вирус илэрсэн оюутан манай сургуулийн Математикийн ангийн оюутан бөгөөд арваннэгдүгээр сарын 9, 10-ны өдрүүдэд сургууль дээрээ буюу МУБИС-ийн 3-р байранд ирсэн. Уг оюутан нь нэг дэх өдөр нэг семинарт суусан бөгөөд 2 дахь өдөр номын санд сууж байгаад цайны газраар ороод гарсан маршруттай байна.

МБУС-ийн хөтөлбөрийн албаны ажилтнууд түүнтэй хамт байсан, уулзсан оюутнуудын нэрсийг тодруулан, УОК, Цагдаа нартай хамтран шуурхай ажиллаж байна. Иймд арваннэгдүгээр сарын 9, 10-ны өдрүүдэд хичээлийн 3-р байранд ирсэн болон цайны газар, номын сангаар үйлчлүүлсэн оюутнууд гэртээ өөрийгөө тусгаарлаж ажиглан, ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл тусгай дугаараас лавлаж асуугаарай. 

Тухайн оюутантай ойр байсан, хамт явсан халдвар авсан байж болзошгүй оюутнуудтай УОК-оос холбогдоно. Холбогдохгүй бол тайван байж болох бөгөөд өөрийгөө ажиглаж, утсаа байнга нээлттэй байлгахыг сануулж байна. Халдвар хамгааллын дэглэмээ чанд сахиарай" гэжээ. 

Мөн МУБИС-иас гаргасан өөр нэг МЭДЭГДЭЛД,

"Монгол Улсын Онцгой Комиссын 2020 оны 12 дугаар тогтоолын дагуу 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг  хүртэл бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг түр зогсоосонтой холбоотойгоор хичээлийн байруудад оюутнуудыг нэвтрүүлэхгүй.

Мөн олон нийтийг хамарсан аливаа үйл ажиллагааг энэ хугацаанд хориглосон тул гадны байгууллагын иргэдийг хичээлийн болон оюутны дотуур байруудад оруулахгүй. Энэ хугацаанд сургуулийн хэвийн үйл ажиллагааг хангах үүднээс ажилтан, ажиллагсад ажлын байрандаа ажиллах бөгөөд бүрэлдэхүүний сургууль, тэнхимийн удирдлага, багш нар сургалтын үйл ажиллагааг тасралтгүй явуулах үүднээс цахим хэлбэрээр хичээл сургалтыг зохион байгуулах, шаардлагатай тохиолдолд ариутгал, цэвэрлэгээ үйлчилгээ хийгдсэний дараа ажлын байрандаа нэвтрэх, олноор цуглахгүй байх зэрэг онцгой дэглэмийн үеийн шаардлагыг биелүүлж ажиллахыг мэдэгдэж байна" гэж анхаарууллаа. 

Түүнчлэн "МУБИС-ИЙН НИЙТ ОЮУТНУУДЫН АНХААРАЛД" гээд "2020 оны арваннэгдүгээр сарын 7, 8-ны өдрүүдэд Baller клубээс зохион байгуулагдсан 1, 2 дугаар курсийнхны дунд сагс, волейбол, бусад спортын төрлийн тэмцээнд оролцсон ба тэмцээн үзэхээр очсон оюутнууд гэр гэртээ өөрсдийгөө тусгаарлан, биеийн халуунаа хэмжиж, маск зүүн, халдвар хамгаалалтын дэглэмийг чанд баримтлана уу" гэсэн зарыг тус сургуулийн Оюутны зөвлөл болон МУБИС-тай холбоотой нэршилтэй фэйсбүүк хуудсаар тарааж эхэлжээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)