Монгол Улсад бүртгэгдсэн нийт тохиолдлын 60 гаруй хувь нь ОХУ-аас зөөвөрлөгджээ

 “COVID-19” халдварын аюул дэлхий дахинаа өдрөөс өдөрт нэмэгдэж, ялангуяа Европын улс орнуудад халдварын хоёр дахь давлагаа эрчтэй явагдаж байна. Манай улсад “COVID-19” халдварын 356 тохиолдол бүртгэгдсэнээс 60 гаруй хувь нь ОХУ-аас зөөвөрлөгдөн орж ирснийг ХӨСҮТ-ээс мэдээлэв.

Өнөөдрийн байдлаар дэлхий дахинаа 47.9 сая гаруй хүн коронавирусээр өвчилж, 1.2 сая гаруй хүн нас барсан байна. Сүүлийн 24 цагийн дотор 500 мянга гаруй хүн өвчилж, 9400 хүн нас баржээ. Халдварын тархалт АНУ, Энэтхэг, Франц, Итали, Их Британид маш их байгаа бөгөөд манай хөрш зэргэлдээ ОХУ-д халдварын эрсдэл өндөртэйд тооцогдож байна.

Монгол Улс нэгдүгээр сарын 8-наас хойш өнөөдрийг хүртэл 30 мянга гаруй иргэнээ татан авч, 90 мянга гаруй хүнд коронавирусний шинжилгээ хийжээ.

Коронавирусээр халдварласан 356 тохиолдлын 66 хувь нь эрэгтэй, 31 хувь нь эмэгтэй, дундаж нас нь 28.5 байгаа бол 2-84 насны хүмүүс халдварт өртжээ. Эмчилгээний ор хоног 14-64 бөгөөд дунджаар 30 хоног орчим  байгаа аж.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, “Монгол Улсад орж ирэх халдварын эрсдэл улам нэмэгдэж байна. Халдвартай хүмүүсийг эмчилж буй баг 14 хоног ажиллаад, дахин тэндээ 14 хоног тусгаарлагддаг. Дэлхий дахинаа эмнэлгийн эмч, ажилтнууд халдварт өртөх эрсдэл их байгаа. Тиймээс Монгол Улс эрсдэлийг бусад улс орноос илүүтэй анхаарч ажиллаж байна. Манай иргэд 2020 оны 1-3 дугаар сар хүртэл бидний зөвлөмжийг маш сайн дагасан. Тиймээс хүн бүр амны хаалт зүүх, хувийн ариун цэвэр сахих, олон хүн цуглсан газарт очихгүй байхыг дахин сануулж байна. Амны хаалтаа зүүцгээе гэж уриалж байна” гэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)