Дайны үеийн Монгол-Зөвлөлтийн харилцааны архивын баримтыг дэлгэлээ

"Дэлхийн хоёрдугаар дайны үеийн Монгол-Зөвлөлтийн харилцаа, хамтын ажиллагаа” архивын баримтын үзэсгэлэнг Архивын ерөнхий газрын үзэсгэлэнгийн танхимд өчигдөр нээлээ.

Үзэсгэлэнд Монгол Улс, ОХУ-ын төрийн архивт хадгалж байгаа түүхэн 150 орчим баримт бичиг, гэрэл зураг, баримтат кино, эд өлгийн зүйлийг сонирхуулахаар дэлгэв.

Архивын ерөнхий газар үзэсгэлэнг “Фронтод үзүүлсэн Монголын ард түмний тусламж”, “Дэлхийн II дайны үеийн Монгол, Оросын эдийн засаг, соёлын харилцаа”, -“Дэлхийн II дайны төгсгөл-Манжуурын операци буюу Чөлөөлөх дайн”, “Тусгаар тогтносны төлөө бүх ард түмний санал хураалт” гэсэн сэдвээр ангилжээ.

Эндээс дэлхийн хоёрдугаар дайны үеийн БНМАУ-ын нийгэм, эдийн засгийн байдал, Монгол, Оросын эдийн засаг, соёлын харилцааны түүхэн баримтуудыг үндсэн эх болон хуулбар хэлбэрээр сонирхох боломжтой.

Монгол Улсын Ерөнхий сайд Д.Бямбасүрэн ОХУ-д 1992 оны 3 дугаар сард албан ёсоор айлчлах үеэр “Архивын салбарт хамтран ажиллах тухай” Монгол-Оросын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулж, анхны хуралдаанаа мөн оны 10 дугаар сард Улаанбаатарт хийжээ. 

Архивын баримтын үзэсгэлэнг энэ сарын 25-ныг дуустал олон нийтэд нээлттэй, үнэ төлбөргүй үзүүлэх аж.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)