Дуучин Ө.Цэрэнчунт “Монголын сонгодог бүтээлүүд” цомог гаргажээ

 

П.Хүслэнтуяа 

Монголын дуурийн урлагт чамин чимхлүүр өнгө хэмээн тооцогддог тенор хоолойтой дуучин бол Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин, Соёлын тэргүүний ажилтан Ө.Цэрэнчунт юм. 

Тэрээр Монголын сонгодог урлагт алтан үеийнхэн гэгддэг үе үеийн дуучид, уран бүтээлчдийн хийж туурвиж байсан бүтээлүүдийг сэргээн шинэчилж,  хойч үеийнхэндээ танин мэдүүлэх, өвлөн үлдээхэд өөрийн гэсэн санал санаачлага, хувь нэмрийг оруулж яваа сэтгэлтэй, зүтгэлтэй залуу уран бүтээлч.

Тэрээр өмнө нь Анхдугаар богд Өндөр гэгээн Занабазарын бүтээл, Жинлавцогзол Говийн Ноён хутагт Лувсанданзанравжаагийн Монгол маанийн хөгжөөл гээд харахад судар шиг харагддаг цомгийг гаргаж, үзэгч олондоо сонирхолтой бүтээлийг өргөн барьсан байдаг.

Дуучин Ө.Цэрэнчунт нийт найман цомог гаргаж, дөрвөн ном эмхэтгэсэн урын сан арвинтай уран бүтээлч юм. Тэгвэл энэ удаа дуучин залуу “Монголын сонгодог бүтээлүүд” цомгоо гаргажээ. Уг цомогт есөн хөгжмийн зохиолчийн 14 бүтээл багтсан байна. 

Энэ цомогт багтсан бүтээлүүдийг үе, үеийн уран бүтээлчид өөрийнхөөрөө дуулсан байдаг бол дуучин Ө.Цэрэнчунт “Монголын сонгодог бүтээлүүд”-ийг олон жил судласны үр дүнд тенор хоолойд  зориулсан бүтээлийг олон нийтэд хүргэхээр шийджээ.

Энэ тухай тэрээр “Би шинэ уран бүтээл хийхийг байнга л зорьж, хичээж явдаг. Цаг хугацаа өнгөрөх тусам аливаа зүйл мартагддаг. Уран бүтээлчид бид бол мартагдах шахсан урлаг соёлыг тээн, хойч үедээ өвлүүлэх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлэх үүднээс цомгоо гаргасан” хэмээн ярьж байна.

Мөн “Энэ цомгийг гаргах болсон үндсэн зорилго нь Монголын мэргэжлийн хөгжмийн зохиолчдыг шинэ үеийн залуустаа эргэн сануулах, уран бүтээлийн онцлогуудыг нь танин мэдүүлэхэд оршиж байгаа юм” гэдгийг онцлов.

“Монголын сонгодог бүтээлүүд” цомогт  Монголын нэрт хөгжмийн зохиолч Ц.Дамдинсүрэн,  Л.Мөрдорж, Д.Лувсаншарав, С.Гончигсумлаа, Н.Жанцанноров, Б.Шарав, Ц.Чинзориг, Ц.Нацагдорж, Х.Билэгжаргал нарын ари романс дуунууд багтсан” гэв. 

Монголын сонгодог урлаг, тэр дундаа дуурийн урлагийн ховор нандин бүтээлүүдийг сэргээн шинэчилж,  хойч үеийнхээ болон үзэгч олныхоо сэтгэл оюуныг цэнэглэж яваа эрхэм уран бүтээлч,  дуучин Ө.Цэрэнчунт  таньд уран бүтээлийн амжилт хүсье!

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Сэтгэгдэл: (1)
Таны IP: (127.0.0.1)
Огий Амжилт хүсье. Маш хөдөлмөрч, авъяаслаг залуу. Ухаантай, сэргэлэн, авъяаслаг, эрхэмсэг гээд хүний дээд..
2020-11-30 Хариулах