"PlayStation 5"-ын ШИНЭ хувилбар ба ШИНЭ эрин

"Mortal Kombat", "Resident Evil", "Tekken", "Super Mario", "Grand Theft Auto", "Sonic the Hedgehog" зэрэг тоглоомууд бидний хүүхэд насны гайхалтай дурсамжуудын нэг биш гэж үү? "Тоглоомоо тоглохоо болиод хичээлээ хий" гэдэг үгийг өдөрт бараг мянган удаа сонсдог байж дээ. Ингээд бодоход амьдралын маань хамгийн жаргалтай үе байсан байна шүү. 

Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт "Sony" компани өөрсдийн хамгийн алдартай бүтээгдэхүүн “PlayStation”-ийн цоо шинэ хувилбар буюу “PlayStation 5” тоглуулагчийг дэлхий нийтэд танилцууллаа. Ингээд танилцуулагдсаныхаа дараа шууд л дэлхий дахины ярианы сэдэв болсон энэхүү шидэт төхөөрөмжийн тухай нийтлэлийг хүргэж байна. 

"Sony" компани 1994 оны арванхоёрдугаар сарын 3-нд "PlayStation 1" тоглуулагчийг худалдаанд гаргаж байсан бөгөөд тухайн үедээ дэлхий нийтийн байлдаж дагуулж байв. 2013 онд энэхүү цувралын сүүлчийн загвар болох "PlayStation 4" 399 ам.долларын үнэтэйгээр худалдаанд гарч байсан билээ. Ингээд бүхэл бүтэн 7 жилийн дараа тус компани шинэхэн загварын видео тоглуулагчаа танилцуулж байгаа нь энэ аж. 

2019 оны дөрөвдүгээр сард "Sony" компанийн ахлах инженер Mark Cerny "Wired" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "PlayStation"-ийн дараагийн загварыг гаргах ажил хөгжүүлэлтийн шатандаа явж байгааг дурдаж байсан. Ингээд "PlayStation 5" тоглуулагчийг танилцуулах арга хэмжээ зургадугаар сарын 4-нд болох товтой байсан ч "Black Lives Matter" буюу арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг хөдөлгөөний улмаас 7 хоногоор хойшилсон билээ. 

Энэхүү төхөөрөмж бусад загваруудаасаа ялгаатай нь хэвтээ биш, яг л компьютерийн процессортой адил босоо байх бөгөөд Blu-ray диск уншигчтай /стандарт/ болон дижитал /диск уншигчгүй/ гэсэн хоёр төрлөөр худалдаанд гарах аж. "Sony" компани дараа дараагийн цувралуудаа аль болох дискний оролтгүй байхаар хөгжүүлэх зорилготой байгаа гэв. Цоо шинэ өнгө төрх бүхий "PlayStation 5" 2020 оны сүүлээр худалдаанд гарах ба худалдаанд гарах үнэ нь одоогоор тодорхойгүй байгаа ч видео тоглоом хөгжүүлэгчид 500-600 орчим ам.долларын үнэтэй байна гэж таамаглаад байгаа юм. 

Хэдхэн сарын өмнө "Sony" компани бас нэгэн шинэхэн төхөөрөмжөө танилцуулсан нь “DualSense PS5 controller” буюу цоо шинэ "PlayStation 5" тоглуулагчид зориулагдсан гар байв. Энэхүү төхөөрөмж нь бумеранг хэлбэртэй, шинэлэг байдлыг эрхэмлэсэн хар болон цагаан өнгийн хослолтой гэдгээрээ бусад загваруудаасаа эрс ялгарна. Өмнөх загвар шигээ "share button" буюу өөрийнхөө тоглолтыг бичиж авах товчгүй хэдий ч оронд нь "create button" хэмээх цоо шинэ товчтой болсон байна. Энэ нь тоглолтоо бичиж авахаас гадна бусдын тоглолтыг үзэх боломжийг тоглогч нарт олгох аж. Мөн өөр дээрээ микрофон болон чихэвчний оролттой болсноор тоглогчид бие биентэйгээ холбогдохын тулд нэмэлт хэрэгсэл холбох шаардлагагүй болж байгаа юм.

"Sony" компани “DualSense PS5 controller”-оос гадна "PlayStation 5"-ыг дэмжих зорилготой олон төхөөрөмжүүдийг гаргасан. Эдгээрт:

  • "PULSE Wireless Headset" буюу 3D сонсогдох утасгүй чихэвч,
  • Гаруудыг нэгэн зэрэг цэнэглэх боломжтой цэнэглэгч суурь ,
  • 1080 пиксель бүхий HD камер, 
  • Медиа удирдлага зэрэг багтаж байгаа юм. Эдгээр хэрэгслүүд үндсэн бүтээгдэхүүндээ дагалдах, салангид байдлаар худалдаалагдах эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа аж.

"PlayStation 5" тоглуулагч дээр маш олон томоохон өөрчлөлтүүдийг хийсэн ч уламжлалт сэтгэлгээгээ хадгалсаар байгаа юм. Энэ нь фенүүдээ алдахгүй байх зорилготой бөгөөд хуучин болон шинэ хэв маягийг хослуулсан цоо шинэ өнгө төрхийг үүсгэж байна. Тухайлбал одоо үед маш олон тоглогчид виртуал тоглоом тоглож байгаа учир "Sony" компани "PlayStation 4" тоглуулагчдаа VR тоглоом тоглох функцийг суулгаж өгсөн. Үүнтэй адилаар "PlayStation 5" ч виртуал тоглоом тоглох функцтэй ажээ.

Видео тоглоомыг цоо шинэ түвшинд хүргэх "PlayStation 5" тоглуулагчтай зэрэгцэн олон видео тоглоомууд нээлтээ хийсэн билээ. “Sony PS5 Future of Gaming” цахим арга хэмжээний үеэр “Spider-Man: Miles Morales”, “NBA 2K21”, “Kena: Bridge of the Spirits” тэргүүтэй 26 гаруй тоглоом танилцуулагдсан байна. Энэхүү арга хэмжээ ойролцоогоор 1 цагийн туршид үргэлжилсэн бөгөөд та бүхэн “Youtube”-ээс бүрэн эхээр нь үзэх боломжтой.

Ихэнх хүмүүс видео тоглоомын сайн сайхныг бус муу муухайг нь өлгөн авч шүүмжилдэг. Хэдийгээр удаан хугацааны турш буюу заасан хугацаанаас ихээр тогловол хараа муудах, донтох гэх зэрэг сөрөг нөлөө ихтэй боловч видео тоглоомоор дамжуулан сурах боломжтой зүйлс маш их байдаг. Цоо шинэ ертөнцийг нээн илрүүлж, түүн дотроо амьдарна гэдэг бол үгээр хэлшгүй гайхамшигтай зүйл шүү дээ. Тиймээс сэтгүүлч миний бие та бүхнийг видео тоглоомоос сайныг нь хараасай гэж маш ихээр хүсэж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)