Дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төслийн санхүүжилтийн хэлэлцээрийг баталлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг баталлаа. Уг  санхүүжилтээр Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төслийг хэрэгжүүлэх юм.

Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав. Төслийн хүрээнд ДЦС-3-т үйлдвэрлэсэн дулааны эрчим хүчийг хотын сүлжээнд дамжуулдаг үндсэн гол шугам болох 5а, Зг магистралийг өргөтгөн шинэчлэх, гэр хорооллын дахин төлөвлөлтийн байршлууд руу дулааны шугам шинээр барих ажил хийх юм байна.  Төслийг хэрэгжүүлэхэд Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциациас нийт 41.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг олгох бөгөөд зээлийн хүү 1.25 хувь байх юм. Зээлийг эргэн төлөх хугацаа 30 жил, үүнээс эхний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө.

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны энэ сарын 12-ны хуралдааанаар уг хуулийн төслийг хэлэлцэж, чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулахыг дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Байнгын хорооны дарга Т.Аюурсайхан танилцууллаа. 

 

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж буйгаа илэрхийлээд, энэхүү зээл нь өрийн босгыг нэмж, дарамт болох эсэхийг тодрууллаа. Мөн манай улс ЕХ-ны хар жагсаалтад орсон гэх мэдээллээс болж энэхүү санхүүжилт орж ирэхгүй байх эрсдэл үүсэж болох талтай гэдгийг дурдлаа. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, 2016 оны сонгуулийн өмнө Монгол Улсын өрийн хэмжээ ДНБ-ний 76 хувьтай тэнцсэн байсан. Харин 2016 оны гүйцэтгэлээр 55 хувь болж багассан. Өөрөөр хэлбэл, 5.8 их наяд төгрөгийн өр төлсөн буюу 24 функтээр багассан байна. Цар тахлын үед нэг ч зээл авахгүй арга хэмжээг авч хэрэгжүүлж байгааг онцлов. 

Харин энэ зээлийн хүрээнд Дэлхийн банктай хэлэлцээ хийсэн тул хэрэгжинэ. "Хар жагсаалт" гэж ярьж буй жагсаалтад манай улсыг оруулахаар төлөвлөж байгаа мэдээлэл байгаа ч одоогоор албан ёсоор ийм бичиг ирээгүй гэдгийг тэмдэглэв. Тэрбээр, "Европын сэргээн босголт, хөгжлийн банктай цахимаар уулзсан. Монголд хэрэгжүүлж байгаа бүх төсөл, хөтөлбөрөө хэвийн үргэлжлүүлэхээ албан ёсоор мэдэгдсэн. Тухайлбал, Улаанбаатар-Дарханы зам, Чойр, Сайншандын цахилгаан дамжуулах сүлжээ, Эрдэнэт хотын Гамшигт тэсвэртэй байдлыг сайжруулах, Улаанбаатар хотын дулааны шугам сүлжээг өргөтгөх зэрэг төслүүд хэвийн үргэлжилнэ гэлээ. Даваа гарагт ФАТФ-ын цахим хуралдаанд оролцсон бөгөөд "саарал жагсаалт"-аас гарах ажлын багуудын тайланг танилцуулсан, удахгүй нааштай хариу гарах байх хэмээн найдаж байна хэмээв.

Ингээд Байнгын хорооны саналаар, Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлахыг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж баталлаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.237.178.126)