УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 10.18 цагт эхэллээ. Чуулганаар, 12 асуудал хэлэлцэхээр төлөвлөснийг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцууллаа. 

Тодруулбал, Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, тусгай хэрэгцээнээс гаргах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг эхэнд хэлэлцэхээр төлөвлөжээ. Мөн Монгол Улс болон Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын санхүүжилтийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл, Монгол Улс болон Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын санхүүжилтийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.

Мөн Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 03, 04 дүгээр дүгнэлтээс гадна Хот байгуулах тухай тогтоолыг төслийн эцсийн хэлэлцүүлэг, Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулна. Түүнчлэн Монгол Улсын засгийн газар Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын санхүүгийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл болон Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулахаар төлөвлөжээ.

Үүнээс гадна Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, энэ хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл, Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцэслэн хэлэлцэнэ.

Хэлэлцэх асуудлын жагсаалттай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, иргэн бүрт нэг сая 260 мянган төгрөгийг олгох санал гаргаж байгаагаа тодотгоод энэ талаар ямар боломж байгааг тодрууллаа. УИХ-ын дарга Г.Занданшатар, Засгийн газраас төсөв санхүүгийн боломжийнхоо хэрээр шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Монгол Улс доллар хэвлэдэггүй, үйлдвэрлэгч орон биш, эдийн засгийн хувьд гадаадаас хамааралтай. УИХ-аас баталсан хуулийн дагуу хүүхдийн мөнгө, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тэтгэмжийг 100 мянга болгон нэмэгдүүлсэн зэргийг дурдаад, бололцоотой бүх эх үүсвэрээ шавхаж гаргасан гэлээ.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, COVID-19 цар тахлын үед хяналт тавих түр хороо байгуулсан, яаралтай хуралдах хэрэгтэй гэсэн санал гаргав. Мөн тэрээр, Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон дагалдах хууль боловсруулах ажилд зав чөлөөгүй, хүч чадлаараа ажилласан дэд ажлын багуудад талархал илэрхийлээд, дараагийн парламент улс төрийн намын тухай, баялгийн сангийн тухай зэрэг Үндсэн хуулийн амин сүнсийг хангасан хууль гаргана хэмэээн найдаж байгаагаа онцлов.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, өнөө маргаашдаа Эрүүл мэндийн тухай хуулийг заавал батлах шаардлагатай. Баг, сум, аймгийн эмнэлгийн уялдаа холбооны асуудлыг энэ хуулиар шийдэж, эрүүл мэндийн салбарт дэвшил гарна гэдгийг онцолж байв. УИХ-ын дарга Г.Занданшатар, өнөөдөртөө багтаан дээрх хуулиудыг хэлэлцэж цэгцэлснээр маргааш чуулганаа хаах нөхцөл бүрдэнэ хэмээлээ.

Ингээд чуулганаар, Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, тусгай хэрэгцээнээс гаргах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)