Эрдэмтэн, зохиолч Ч.Лодойдамбын нэрэмжит уншлагын танхимтай боллоо

 

Говь-Алтай аймгийн Нийтийн номын сан Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Төрийн хошой шагналт, эрдэмтэн, зохиолч Ч.Лодойдамбын нэрэмжит танхимтай боллоо. 

Их зохиолч Ч.Лодойдамбын нэрэмжит танхим нь Говь-Алтай аймгийн 80 жилийн ойн анхны хөрөнгө оруулалтын ажил учир нээлтийн үйл ажиллагаанд Говь-Алтай аймгийн орлогч дарга Я.Эрхэмбаяр, ЗДТГ-ын дарга Ч.Бат-Эрдэнэ нарын орон нутгийн удирдлагууд оролцжээ. 

Мөн үеэр Алтай нутгийн зохиолчид хамтран ЗДТГ-ын дэмжлэгтэйгээр "Сайн зохиолын сайхан дүрүүд" яруу найргийн наадмыг зохион байгуулж, яруу найрагч Х.Чимэдрэгзэн "Хонгор" шүлгээрээ тэргүүн байр эзэлсэн юм. 

Энэхүү танхимыг түүний зээ охин Л.Энхнасан санаачлан герман стандартын дагуу, эко бүтэц, зохион байгуулалттай байхаар төлөвлөн, орчин үеийн цахим орчин бүрдүүлэн тохижуулсан бөгөөд хүүхэд багачуудын ая тухыг хангасан, тэдний чөлөөтэй сэтгэн бодох, унших чадварыг хөгжүүлсэн номоор баяжуулжээ.

Ч.Лодойдамбын зээ охин Л.Энхнасан: “Төрийн хошой соёрхолт Ч.Лодойдамба, Ардын жүжигчин Ч.Долгорсүрэн нарын үргэлжлэл болох миний хувьд цаашдаа ч өвөг дээдсийнхээ өндөр их заяа, өрнүүн их хүсэл тэмүүллийн төлөө зүтгэх чин сэтгэл, зоригоо ажил амьдралынхаа агуулга болгож явах болно. Тэдний маань амьдрал ард түмнээ соён гэгээрүүлж, эх орноо хөгжүүлэхэд зориулсан юм” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)