Хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэр бүлийн хүчирхийлэлд өртөх нь ихэсчээ

“Үндэсний мэдээллийн төв”-д өнөөдөр 12:00 цагаас Нэгдсэн үндэсний байгууллага, ДЭМБ болон Олон улсын Хүний эрхийн байгууллагуудын зүгээс цар тахлын үед хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийгэмд бусдын адил ажиллаж, амьдрахад нь анхаарал хандуулж, дэмжлэг үзүүлж, нэмэлт арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар улс орнуудын Засгийн газар болон холбогдох албаныханд мэдэгдэл хүргүүлэх гэж байгаа талаар Хараагүйчүүдийн холбооны ерөнхийлөгч Д.Гэрэл, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Д.Баатаржав, Ц.Мөнхсаруул нар мэдээлэл хийлээ.

Тэд дэлхий нийтэд тархаад буй цар тахлаас болж, гадаад улсаас импортоор оруулж ирдэг эм тарианууд тасарч, хөгжилийн бэрхшээлтэй иргэд хүүхдүүд хүнд нөхцөлд байгааг онцолж байв.

Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн уналт таталтын эсрэг эмийн хангамж улсын хэмжээнд тасраад байгаа аж.Мөн хөдөлмөр эрхэлж буй цөөхөн иргэдийн хувьд, ашиг орлого буурахаас гадна ажилгүй болох, ажлын байраа алдахад хүрч байна гэв. Түүнчлэн зарим иргэд, эхчүүд хүүхдүүд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, амьдрал нь улам хүндэрч байгааг онцолсон юм.

Улсын хэмжээнд онцгой байдал зарлаж, хөл хорио тогтоосонтой холбогдуулан их дээд сургуулиуд, ЕБС танхимын сургалтаа цуцалж, цахим хэлбэрт шилжсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн онцлогт нийцсэн, мэдээллийн хүртээмжтэй технологи байхгүйн улмаас ХБ-тэй иргэд, оюутан залуус, хүүхдүүдийн хувьд хичээлээс хоцрогдож сургуулиас завсардахад хүрчээ. Тиймээс эдгээр асуудлыг хөндөн төрийн өндөрлөгүүдэд албан бичиг хүргүүлж, санал хүсэлтээ уламжилж байгаагаа хэлэв.

Эх сурвалж: www.news24.mn

Сэтгүүлч Г.Отгонжаргал

 

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)