Шар өвс шатаавал 100 мянгаар торгоно

НОБГ-т сүүлийн өдрүүдэд зуслан болон гэр хороололд өнжмөл шар өвс шатааснаас үүдсэн галын 11 дуудлага иржээ. Түүнчлэн гал түймрийн 10 дуудлагын 7 нь шар өвс шатаасан тохиолдол байгааг НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй мэдээлж байна. 

Иргэд хашаандаа өнжмөл шар өвс, ногоо шатаасны улмаас өөрийн болон бусдын эд хөрөнгөд хохирол учруулах, цаашлаад ногоон бүс галд өртөх эрсдэлийг дагуулдаг. Тиймээс хаврын хуурайшилтын үед иргэд татсан тамхины гал, цог, үнс нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх,  гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг анхааруулж байна.

Өвс шатааж, ил гал гарган иргэд, олон нийтэд хохирол учруулсан бол Зөрчлийн тухай хууль тогтоомжийн дагуу торгуулийн шийтгэл тооцож, учирсан хохирлыг нөхөн төлүүлж, хариуцлага хүлээлгэдэг. Тухайлбал, дээрх хуулийн 5-ын 14-д иргэний үүргээ биелүүлээгүй бол, 15-ын 2-т хууль ёсны алба хаагчийн албан шаардлагыг биелүүлээгүй гэдгээр иргэнийг 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох болон нөхөн төлбөр олгуулахаар заажээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (100.26.1.130)