Түүхий нүүрс нэвтрүүлэхээр завдсан 39 тохиолдлыг таслан зогсоожээ

Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, Цаг уур, орчны шинжилгээний газрын Орчны шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батбаяр, нийслэлийн Эрүүл мэндийн газрын ахлах мэргэжилтэн Т.Баатарсүх нар мэдээлэл хийлээ

Өнгөрсөн хоногийн хугацаанд Яаралтай түргэн тусламжийн төвд таван өрхөөс угаарын хийнд хөнгөн хэлбэрээр хордсон гэх дуудлага ирж, гэрээр эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна. Сайжруулсан түлшний түгээлт, нийлүүлэлтийн хувьд төвийн зургаан дүүргийн 321 цэгт Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын  газар, Онцгой байдлын газрын 1014 төрийн албан хаагч  хяналт тавьж 24 цагаар ажиллаж байгаа талаар НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй мэдээллээ.

Харин өнгөрсөн долоо хоногт иргэдээс түүхий нүүрстэй холбоотой гомдол ирүүлсний дагуу нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар 252 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын халаалтын ашиглалтын зууханд хяналт шалгалт хийжээ. Хяналт шалгалтаар утааны шүүлтүүрээ ажиллуулаагүй 11 аж ахуйн нэгж, шүүлтүүр суулгаагүй түүхий нүүрс түлж байсан 10 аж ахуйн нэгжийг илрүүлсэн байна. Мөн тээврийн товчоодод 1793 автомашинд хяналт шалгалт хийхэд 39 тээврийн хэрэгсэл түүхий нүүрс тээвэрлэж явсныг таслан зогсоожээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн “Хяналт шалгалтыг тогтмол хийнэ. Түүхий нүүрс түлэх зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдэд байнга хяналт тавина” гэв. Агаарын чанарын хувьд эрс сайжирсан ч  агаар дахь хүхэрлэгийн хэмжээ нэмэгдэх шинжтэй байгаа талаар Цаг уур, орчны шинжилгээний газрын Орчны шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батбаяр онцлов.

Энэ үеэр БНХАУ-д бүртгэгдсэн  уушгины хатгаа дэгдэж онцгой байдал зарласан болон нийслэл Улаанбаатар хотод томуу, томуу төст өвчин их байгаатай холбогдуулж нийслэлийн Эрүүл мэндийн газрын ахлах мэргэжилтэн Т.Баатарсүх сэрэмжлүүлэг мэдээлэл өглөө. Тэрбээр “Томуугийн дэгдэлт өнгөрсөн долоо хоногийн байдалтай харьцуулахад буурсан. Одоогийн байдлаар 1363 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Баянгол, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд ачаалал ихтэй бусад эмнэлэг хэвийн ажиллаж байна. Томуу, томуу төст өвчний гаралт нэмэгдэх болсонтой холбогдуулан дүүрэг хороодын өрхийн болон хүүхдийн эмнэлгүүд илүү цагаар ажиллаж байгаа” гэлээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас  БНХАУ-д бүртгэгдсэн  уушгины хатгаа өвчин гарч 44 хүнийн биеийн байдал хүндэвтэр байгаа талаар мэдээлэл ирүүлсэн байна. Тиймээс энэ төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх үүднээс нийслэлийн Эрүүл мэндийн газраас иргэдэд зөвлөмж зөвлөгөө,  мэдээлэл сурталчилгааг дүүрэг бүрт зохион байгуулж байгаа аж.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)