Шинэ оны эхний башёгийн дээд зиндаанд 2 монгол сумоч дэвшин барилдана

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн 2020 оны нэгдүгээр сарын Хацү башёгийн банцүкэ буюу эрэмбэ чансаагаар Монголын 2 сүмоч Жюүрёогоос Макүүчи буюу дээд зиндаанд дэвшин барилдана.

Тухайлбал, 11 дүгээр сарын Кюүшюү башёд Жюүрёо зиндааг тэргүүлэн барилдсан Азүмарюү С.Тодбилэг маэгаширагийн зүүн жигүүрийн 15-д, Кирибаяама Б.Лхагвасүрэн маэгаширагийн зүүн жигүүрийн 17-д тус тус эрэмбэлэгджээ. Шинэ оны анхны буюу Хацү башёгийн Макүүчи буюу дээд зиндааг 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал тэргүүлэх бол баруун жигүүрийг 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд манлайлах юм байна.

Харин 2020 оны эхний башёгийн Жюүрёо зиндааны баруун жигүүрийг Чиёошима Г.Мөнхсайхан тэргүүлэх бол Миторюү Б.Төрболд баруун жигүүрийн дөрөвт, Дайшохо Ч.Шижирбаяр баруун жигүүрийн тавд, Ичиножёо А.Ичинноров зүүн жигүүрийн долоод, Кёокүшюхо Т.Эрдэнэбаатар зүүн жигүүрийн есд, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ баруун жигүүрийн 13-т, Хоошёорюү С.Бямбасүрэн зүүн жигүүрийн 14-т, Сакигакэ Я.Баттүшиг зүүн жигүүрийн 14-т тус тус эрэмбэлэгдсэн байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (44.220.184.63)